Амиа хорлосон тэрбумтны гэрээс Билл Клинтоны даашинзтай хөрөг олджээ 
2019-08-15

Тэрбумтан Жеффри Эпштейний гэрт АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон даашинз өмсснөөр дүрслэгдсэн хөрөг зураг байдаг тухай Daily Mail сонин мэдээллээ. 


Энэ зургийг 2012 оны 10 дугаар сард ажил хэргийн уулзалтаар Эпштейний харшид очсон эмэгтэй олж харсан гэнэ. Тэрбээр нээлттэй хаалганы цаана энэ зураг байхыг хараад ихэд цочирдсон гэж Daily Mail- д ярьжээ. 


“Тэр Билл Клинтон яг мөн байсан. Үнэхээр цочирдмоор, гэхдээ түүний зураг бол яг мөн. Өдөөн хатгасан, тачаангуй байдлаар дүрсэлсэн байсан” хэмээн тэрбээр ярьжээ. 


Энэ хөргийг Петрина Райан-Клейд гэх эмэгтэй зураач зурсан бөгөөд зураг дээр Билл Клинтон хөх өнгийн даашинз, улаан туфли өмсөн , зөөлөн сандал дээр сууж байгаагаар дүрслэгдсэн аж. Тэрбумтан Эпштейн эх зургийг авсан  эсвэл зураг хуулбар нь байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 


Дашрамд дуулгахад, тэрбумтан Эпштейн энэ оны долоодугаар сарын зургааны өдөр Нью-Йорк хотод баривчлагдсан. Түүнийг насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөт албадан оруулдаг гэмт хэргийн сүлжээ байгуулсан хэргээр буруутгасан юм. Эпштейн 2002-2005 онуудад гэмт хэргээ үйлдсэн гэж үзсэн бөгөөд 14 настай охидыг садар самуунд хүчээр татан оруулсан аж. Түүнчлэн Эпштейнийг гэрчүүдийг хахуульдсан хэрэгт буруутгасан юм. 


Тэрбумтан Эпштейн Билл Клинтон, Дональд Трамп нартай найз нөхдийн холбоотой байсны дээр олон улс төрч, нөлөө бүхий этгээдүүд Эпштейнээр дамжуулан залуу охидоор зугаагаа гаргадаг байсан талаар хэвлэлүүд шуугиж байв. Түүнийг баривчлагдсны дараа Америкийн “дээд зиндаа”-ынхантай холбоотой олон хэргийн учрыг тайлах сэжүүр олдоно гэж ажиглагчид үзэж байсан ч Эпштейн наймдугаар сарын 10-ны өдөр шоронгийн камерт амиа хорлосноор хэрэг мухардалд хүрээд байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
клинтонч угааса завхай эр .нхан лдаа
2019-08-15