Чернобылийн аврагчдад зориулсан хөшөө босгожээ 
2019-08-15

Чернобылийн АЦС-д гарсан ослын хөнөөлийг устгах ажилд оролцсон хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөг Башкортостаны нийслэл Уфа хотноо босгосон талаар Регнум агентлаг мэдээллээ. 


Хөшөөг “Ялалтын 50 жил” талбайд босгосон бөгөөд боронзон баримлын загварыг Башкирийн гавьяат зураач Ханиф Хабибрахманов гаргажээ.


Хөшөө босгох санаачилгыг “Союз Чернобыль” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага гаргасан байна. 


Энд дуулгахад, Чернобылийн Атомын цахилгаан станцад гарсан ослын хор хөнөөлийг арилгахад оролцсон хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүн гээд нийт энэ осолтой холбоотой 2,5 мянган хүн Башкирд амьдардаг аж. АЦС дээр гарсан дэлбэрэлтийн хор уршгийг арилгахад Башкираас нийтдээ 12 мянган хүн оролцож байжээ. 


ТҮҮХ СӨХВӨЛ: 

 

  • Украины Киев мужийн Припять хотын ойролцоо байх Чернобылийн атомын цахилгаан станц дээр 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд осол болсон. 
  • Ослын улмаас цацраг идэвхит бодис цацагдаж, орчныг олон жилийн туршид бохирдуулсаар байгаа юм. 
  • Дэлбэрэлтийн улмаас агаар мандалд цацагдсан цацраг идэвхит бодисууд салхиар туугдан хол зайд хүрсэн бөгөөд Украин, Орос, Белоруссын ихэнх нутаг дэвсгэрт тархжээ. 
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор Чернобылийн сүйрэл 9 мянган хүнийг үхэлд хүргэсэн байна. Гэхдээ Белоруссын судлаачид цацрагийн бохирдлын улмаас хорт хавдраар өвчилсөн хүний тоо 115 мянгад хүрсэн хэмээн үздэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин