Онгоцыг талбайд осолгүй буулгасан нь “чадвар бас аз” гэж шинжээчид үзэж байна 
2019-08-15

Наймдугаар сарын 15-ны, орон нутгийн цагаар 06:10 цагт Оросын “Уральские авиалинии” компанийн А321 онгоц Москва орчмын Жуковский нисэх буудлаас Симферополь хотыг чиглэн нисчээ. Онгоцонд 226 зорчигч, хөлгийн багийн 7 гишүүн байсан аж. 


Гэвч дөнгөж хөөрсний дараахан онгоцны нэг хөдөлгүүрт шувуу орсны улмаас ноцтой гэмтэл гарч, 15 минутын дараа хөлгийн экипажийн ахлагч онгоцыг тариалангийн талбайд буулгах шийдвэр гаргасан байна. 


“Раменск дүүрэгт ослын буулт хийсэн. Онгоцны бүх зорчигчид болон экипажийн гишүүд амьд мэнд. Онгоцны их бие гэмтээгүй. Түлш асгараагүй. Хэргийн газар шаардлагатай албад ажиллаж байна” хэмээн Москва мужийн Онцгой байдлын яамны Ерөнхий газар мэдэгджээ. 


Энэ үйл явдалтай холбоотойгоор нисэхийн шинжээч Александр Романов “Комсомольская правда” сонины сурвалжлагчид тайлбар өгсөн байна. 


“Ийнхүү газардсан нь нислэгийн багийнхны ур чадвар төдийгүй аз дайрсан байна. Тэд бүхэл бүтэн том онгоц буухад хангалттай хэмжээний тэгш талбай олсон нь үнэхээр азтай хэрэг. Энэ бол одоо цагт тун ховор олдох боломж ” хэмээн шинжээч өгүүлжээ. 


Түүний өгүүлснээр, өмнө нь Оросын онгоц тариалангийн талбайд бууж байсан тохиолдол 1990 онд гарч байсан гэнэ. Тухайн үед “Аэрофлот”-ын ТУ-154 онгоц Швейцараас Шереметьево онгоцны буудал руу нисч байсан бөгөөд зорчигчгүй, ачаа тээвэрлэж явсан гэнэ. Хөөрснөөс цагийн дараа онгоцонд гал гарч, хамгийн ойрын нисэх буудалд хүрэх боломжгүй байсан тул Чехийн Дубенец тосгоноос холгүйхэн талбайд газардаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Чадварлаг байна:
Оросууд онгоцыг бол Монголчуудын морь унадагтай адил чадварлаг жолооддог улс шүү. Тариалангийн талбайтай харьцуулахад Монголын тал бол аэдром л гэсэн үг дээ,
2019-08-16
зочин:
Чадварлаг боловсон хүчний хэрэг гарчээ.Сэтгэл сайтай хүмүүс явж бурхан минь .
2019-08-16
Zochin:
Aztai ymaa uheh ni boloogui hunuus yavjee
2019-08-16
Иргэн:
Оросын мэргэжилтнүүд угаасаа л чадварлаг ш дээ.
2019-08-15