Трамп сэтгэцийн эмнэлэг байгуулахыг уриалав 
2019-08-16

Галт зэвсэг ашигласан гэмт хэргүүд гаралт нэмэгдсэнтэй холбоотойгоор АНУ-д сэтгэцийн эмнэлгүүдийг дахин нээж эхлэх хэрэгтэй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


“Бид сэтгэцийн эмнэлгүүд байгуулах хэрэгтэй, эдгээр хүмүүсийг гудамжаар чөлөөтэй зугаалж явахыг нь зүгээр хараад сууж болохгүй” хэмээн тэрбээр пүрэв гаригт мэдэгдсэн байна. 


Түүнчлэн энэ төрлийн эмнэлгийн байгууллагуудыг дахин нээх нэн шаардлагатай байгааг онцолжээ. 
Зөвхөн энэ сард гэхэд л АНУ-д галт зэвсэг ашигласан халдлага гурван удаа болж 31 хүн амиа алдаж, цагдаагийн 6 ажилтан шархадсан нь ийнхүү Трамп сэтгэцийн эмнэлэг дахин олноор байгуулах уриалга гаргах шалтгаан болсон байна. 


Энд дуулгахад, 1950-1960-аад оны хооронд АНУ-д сэтгэцийн эмнэлгүүдийг олноор нь хааж эхлэсэн юм. Ингэснээр хүмүүсийг тусгаарлан хорих биш харин нийгэмшүүлж, эдгэрэлтэд нь нөлөөлнө гэж үзэж байв. Улмаар1950-2000 оны хооронд 322 сэтгэцийн эмнэлгээс 118 нь хаагджээ. Цөөн тооны үлдсэн эмнэлгүүдэд сэтгэцийн өвчтнүүдийг хэвтүүлэх журам хүндрэлтэй болсны дээр сэтгэцийн өвчинтэй хүмүүсийн ихэнх нь эрүүл мэндийн даатгалгүйн улмаас эмчлүүлэх боломжгүй байдаг гэнэ. Тиймдээ ч бага орлоготой өвчтнүүдийг эмнэлэгт хүргэхийн оронд ихэвчлэн цагдаагийн хэсэгт хүргэн, улмаар хорьдог бөгөөд зарим хорих газруудад хоригдлуудын 40 орчим хувь нь сэтгэцийн өвчинтэй хүмүүс байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ӨӨРИЙГ НЬ ЭМЧЛҮҮЛЭХ БОЛСОН
2019-08-16