“Халхын гол. Ялалтын дөл” экспедици 5000км замыг туулна
2019-08-16

“Халхын гол. Ялалтын дөл” олон улсын V залуусын экспедици Эрхүү-Улаанбаатар-Халхын гол-Эрхүү чиглэлээр энэ сарын 17-ноос есдүгээр сарын 07-ны хооронд явагдаж, 5000 км замыг туулна гэж ТАСС агентлаг мэдээллээ. 


Экспедицийн бүрэлдэхүүнд 16-25 насны 50 хүн оролцож байгаа бөгөөд тэд КАМАЗ болон УАЗ машинаар аяллын замыг туулах юм байна. 


Орос, Монголын түүхэн харилцаа, Халхын голын баатарлаг үйл явдал болон түүний оролцогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүдээр дамжуулан хоёр орны залуус, хүүхэд болон ахмадын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой энэ төсөлд залуу эрдэмтэн, оюутан, сэтгүүлч, зураглаач, хүүхэд залуусын төлөөлөл оролцож байгаа аж. Тэд Орос, Монголын суурин газрууд, цэргийн ангиудад залуустай уулзалт зохион байгуулахын дээр Халхын голын байлдааны түүхийн лекц, спортын тэмцээн, тоглолт зохион байгуулж, хөшөө дурсгалд цэцэг өргөх юм байна. 


Экспедици замдаа гарахын өмнө, наймдугаар сарын 17-ны 09:30 цагт Эрхүү хотын Декабристуудын талбай дээр ёслолын жагсаал болж, экспедицийн удирдлагуудад ОХУ болон Монголын төрийн далбаа, Цэргийн алдрын Музейд хадгалагддаг 307 дугаар хорооны тугийн хуулбарыг гардуулан, оролцогчид цэргийн үүргээ гүйцэтгэж явахдаа амиа алсдан эрхүүчүүдийн хөшөөнд цэцэг өргөх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин