Хятад Хонгконг руу цэргээ оруулах уу? 
8-19

Наймдугаар сарын 18-ны ням гаригт Хонгконгд дахин жагсаал болов. Өмнө нь бид мэдээлж байсанчлан жагсагчид зөвхөн Виктория цэцэрлэгт хүрээлэнд жагсах зөвшөөрөл авсан ч цагдаагийнхны хоригийг үл хайхран хотын төвийг чиглэжээ. Ням гаригт болсон жагсаалыг Хүний эрхийн төлөөх иргэний фронт байгууллага зохион байгуулсан бөгөөд зохион байгуулагчид жагсаалд оролцогчдыгг хүчирхийллээс зайлсхийхийг уриалж байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. 


Хэдийгээр жагсаал харьцангуй тайван болж өнгөрсөн ч цагдаагийнхан эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэн жагсаал явж болзошгүй чиглэлүүдэд усан буутай ачааны тэрэгнүүдийг урьдчилан байрлуулсан байсныг хэвлэлүүд мэдээллээ. 


Бямба болон ням гаригийн жагсаал зохион байгуулагчид жагсаалыг тайван замаар явуулах нь нэн чухал бөгөөд жагсаал цуглаанд хэт даврагчид оролцох нь эсэргүүцлийн хөдөлгөөнд хохирол учруулан, хотод санал зөрүүтэй байдал нэмэгдүүлнэ гэдгийг онцолсон юм. Хотод иргэдийн дунд санал зөрүүтэй байдал үүсэх болсны нэг  жишээ  нь бямба гаригт болсон цагдаагийнхныг дэмжсэн олон мянган хүний оролцоотой жагсаал юм. 


Хонгконгийн эсэргүүцлийн арга хэмжээ үзэл бодлын хувьд хоёр хуваагдаж, эсэргүүцэгчид болон цагдаагийнхныг дэмжсэн жагсаал дэлхийн бусад орон, тухайлбал Франц, Британи, Австрали, Канадад ч болсон байна. 


Эргэн сануулахад, наймдугаар сарын 13-ны өдөр Хонгконгийн нисэх буудал дээрх эсэргүүцэгчдийг ихээхэн ширүүн тараасан бөгөөд үүний шалтгаан нь жагсагчид Хятадын хоёр иргэнийг халхавчин дор ажиллаж байгаа Хятадын тагнуул хэмээн саатуулан, гэмтээсний улмаас ийнхүү хүчээр тараахаас аргагүй болсон юм. 
Нөгөөтэйгүүр, хэвлэлийнхний мэдээлж байгаачлан, цагдаагийнхан ч улам ширүүлэн болсон байна. Өнгөрсөн долоо хоногт Хонгконгийн цагдаагийнхан анх удаа нулимс асгаруулах хий, резинэн сум ашигласан бол жагсаал эхэлснээс хойш 700 гаруй хүнийг баривчилжээ. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээлж байгаачлан, эсэргүүцлийн арга хэмжээний оролцогчдын эгнээнд  энгийн иргэн халхавчин дор цагдаагийнхны төлөөлөгчид оролцож байгаа гэнэ. 


Хонгконг олон улсаас тусламж гуйна 


Ийм нөхцөлд хамгийн хурцаар тавигдаж байгаа асуулт нь Хятад Хонгконг руу цэргээ оруулах уу, энэ нь Тяньанмэний талбай дээр болсон үйл явдлыг гучин жилийн дараа давтсан хэрэг болох уу гэсэн асуулт юм. 


Өнгөрсөн долоо хоногт  Хонгконгоос хэдэн километрийн цаана байх Шэнжэнд  Хятадын цэргүүд ирсэн тухай мэдээлэл цацагдаж, энэ хотыг чиглэн яваа цэргийн техникийн цувааны дүрс интернэтээр тархсан юм. 


South China Morning Post сонины мэдээлснээр 500 гаруй цэргийн автомашин хилийн хяналтын цэгээс ердөө 2 км зайд байх хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд байрласныыг нотлох хиймэл дагуулын зураг гарчээ. 


Энэ мэдээллийг Хятадын эрх баригчид ч батласан бөгөөд гэхдээ энэ нь томоохон хэмжээний цэргийн сургуулилт явуулахад зориулагдсан хэмээн тайлбарласан юм. 


Хятадын цэргийн шинжээчи Жчоу Ченмин Хонгконгийн нөхцөл байдал нь “Засгийн газар болон орон нутгийн цагдаагийнхан нь хүчрэхээ байх тэр цэг рүү дөхөж байна” хэмээн мэдэгдэж байв. Түүний үзэж байгаагаар, энэ нь Хонгконгд Хятадын хууль тогтоомжийн дагуу хөдлөж, онц байдал зарлан, цэргийн оролцоотойгоор нөхцөл байдлыг шийдэхэд хүргэж болзошгүй гэнэ. 


Сүүлийн долоо хоногт Хятад улс гурвантаа цэргийн сургуулилт явуулсны дээр олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр хэрхэн ажиллах бэлтгэлийг хийсэн талаар ч хэвлэлийнхэн мэдээлж байлаа.

 
Энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд дараах  хуулийн заалтуудыг ашиглаж болзошгүй.

Үүнд: Хятад, Британийн 1984 оны тунхаг болон Хонгконгийн үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Хонгконг дахь нийгмийн эмх журмыг тус хотын засгийн газар хариуцах ёстой. Гэхдээ  Хонгконгийн Үндсэн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Хонгконгийн Засгийн газар онц байдал зарлан, эх газрын Хятадаас тусламж хүсэн, нийгмийн эмх журмыг хангах болон байгалийн гамшиг үүссэн үед тусламж үзүүлэх зорилгоор Хонгконгд байршуулсан Хятадын Ардын чөлөөлөх армийн гарнизоныг ашиглах боломжтой аж. 


Наймдугаар сарын 17-ны бямба гаригт сөрөг хүчний  Хүний эрхийн иргэний фронтын зохицуулагч Вонг Йик-мо мэдэгдэл хийхдээ Хонгконгийн сөрөг хүчнийхэн гадны улс орнуудаас тусламж хүсч магадгүй талаар онцолсон юм. Түүний өгүүлснээр Хонгконгийн эсэргүүцлийн арга хэмжээг гадны оролцоотой гэж тайлбарлахыг оролдож байгаа Хятад Хонгконг дахь АНУ-ын Элчин сайдын яамыг буруутгаж байгаа аж. 


Хэдий тийм ч ихэнх шинжээчид Хятад Хонгконг руу  цэргээ оруулахгүй гэж үзэж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар Хятад гагцхүү олон улсын хариу үйлдлийг л харах зорилготой гэнэ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Эмээ:
Хүн төрлөхтөн эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцдэгийг харж ойлгож сур. Амьдралын гол эх үүсвэр болсон махаа хятадуудад алдаад өөрсдөө мах үнэрлэж амьдарч байгаа бид хэнийг шүүмжлэх эрхтэй юм бэ. Ичсэн нь дээр.
2019-08-19
Зочин:
Цэргээ оруулах нь зүйтэй...Наадуул чинь худлаа АРДЧИЛАЛ гэж хуцаж байгаа. Цэргээ оруулаад дэглэм тогтоогоод өг...
2019-08-19
Иргэн:
Увсын дүрвэдүүд тусгаар улс болно гээд эмх замбараагүй байдал үүсгэвэл Засгийн газар, Ерөнхийлөгч цэрэг оруулах уу? Түүнтэй л адил юм даа. Хонгконг чинь хятад үндэстэн биз дээ. АНУ-гийн хатгалга байх оо.
2019-08-19
Чи мөн яриваа, энэ чинь увсын дөрвөдүүдээс шаа~aaл өөр юм за..
Чи битгий ийм олиггүй үгээр иргэдийн дунд яс хаяж талцуулж тэнэгт. Зориуд ингээд байдаг юмуу хаашаа юм.