Энэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ 
2019-08-19

Энэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болсны улмаас хоёр талаас хэд хэдэн хүн амиа алдсан талаар Регнум агентлаг мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр талууд хэрэг явдлыг өдөөн турхирсан гэж нэгнээ буруутгаж байгаа гэнэ. Энэтхэгийн цэргүүд “энгийн иргэд рүү гал нээсэн”-ийн улмаас хоёр ахимаг насны эр амиа алдсан гэж Пакистаны тал мэдээлжээ. 


Үүний дараа Пакистаны тал хариу гал нээхэд Энэтхэгийн хоёр цэргийн алба хаагч амиа алдаж, хэд хэдэн цэрэг шархадсан гэнэ. 


Одоогоор Энэтхэг энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. 


Эргэн сануулахад, Энэтхэгийн эрх баригчид Жамму болон Кашмир мужийн онцгой статусыг цуцлан, холбооны төвийн шууд удирдлаганд байх, хавьгүй бага эрхтэй хоёр холбооны нутаг дэвсгэрийг байгуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор Пакистан, Энэтхэгийн харилцаа хурцадсан юм. 


Жамму болон Кашмир нь хүн амын ихэнх нь мусульманчууд байдаг цорын ганц муж бөгөөд  энэ мужид Пакистантай хиллэх албан ёсны хил байхгүй, армиуд хяналтын шугмыг заагладаг. Энэтхэгийн энэ мужийн нутаг дэвсгэр дээр Пакистаны нөлөөлөл маш хүчтэй байдаг бөгөөд Энэтхэг улс Пакистаныг хэт даврагчдыг дэмждэг хэмээн буруутгадаг юм. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин