ЭЕШ-ын оноо 600-гаас дээш бол "Оюутны хөгжлийн зээл"-д хамрагдана
2019-08-19

 

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Санхүүгийн бололцоогүйгээс болж хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй байгаа оюутнууд “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдаж төлбөрөө төлөх боломжтой. Энэ талаар Боловсролын зээлийн сангийн дотоодын зээлийн албаны дарга Э.Батсэлэм тодрууллаа.

 

-“Оюутны хөгжлийн зээл” авах оюутнуудад ямар шалгуур тавьж байна вэ?

 

- “Оюутны хөгжлийн зээл”-ийг тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн хэмжээгээр олгоно. Энэ жил 33 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Их, дээд сургуульд бакалаврын  түвшинд элсэн орж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд, ЭЕШ-ын дундаж оноо 600 болон түүнээс дээш мөн магистр, докторын түвшинд суралцагч нь өмнөх боловсролын гэрчилгээний голч дүн 3.2  байвал "Оюутны хөгжлийн зээл" авч болно. Хичээлийн жилийн улирал бүр голч дүнгийн шаардлага хангасан тохиолдолд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд суралцах хугацааны бүхий л төлбөрийг “Оюутны хөгжлийн зээл”-ээр төлөх боломжтой. Зээл авсан оюутан сургуулиа төгсөөд зургаа хүртэлх жилийн хугацаанд эргэн төлнө.

 

- Зээлд хамрагдах оюутнууд ямар бичиг баримтыг бүрдүүлэх вэ?

 

-Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай. Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй. Мөн хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

 

 “Оюутны хөгжлийн зээл” авахдаа зээл хүссэн өргөдөл, Оюутны иргэний үнэмлэхийн хуулбар, Сургуулийн төлбөрийн нэхэмжлэл,Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх баримт, Ирээдүйн зорилгыг тодорхойлсон эссэ бичих шаардлагатай . Эдгээр бичиг баримтыг бүрдүүлж өөрийн сурч буй сургуульдаа өгнө.

П.Отгондалай

 

Shuud.mn
Сонин хачин