Путин Пуужингийн гэрээг сануулж байх зуур АНУ пуужин туршив 

img

Наймдугаар сарын 19-ний өдөр Францад Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар уулзлаа. Энэ уулзалтаар талууд хоёр талт харилцааны хөгжлийг онцолсны дээр аюулгүй байдлын олон улсын систем, Сирийн асуудлыг зохицуулах, Украины сөргөлдөөнийг зогсоох зэрэг чухал асуудлаар хэлэлцжээ. 


Хоёр төрийн тэргүүний хэлэлцээр 3,5 цаг үргэлжилсний дараа тэд ажил хэрэгч оройн зоог хамтдаа барьж, зоогийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулсан байна. 


Путин, Макрон нарын хэлэлцээрийн үеэр олон улсын аюулгүй байдал тэр дундаа Дунд болон бага тусгалтай пуужин устгах тухай гэрээ хүчингүй болсныг тойрсон нөхцөл байдалтай холбоотой асуудлууд хөндөгдсөн байна. Энэ гэрээнээс Орос биш АНУ дангаар гарсан гэдгийг Путин сануулсан байна. 


“Пуужингаас хамгаалах гэрээнээс Орос дангаар гарчихсан юм биш, бид Дунд болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс гараагүй гэдгийг дахин сануулъя. Одоо Стратегийн довтолгооны зэвсгийн гэрээг сунгах асуудал анхаарлын төвд байна. Бидний санал бэлэн болсон хэдий ч Америкийн түншүүдийн зүгээс ямар нэг санаачилга одоогоор олж харахгүй байна ” хэмээн Путин өгүүлжээ. 


Түүнчлэн цөмийн зэвсэг турших, сансарыг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох гэрээ цаашид хэрхэх нь Оросын санааг зовоож байгаа талаар Путин мөн онцолсон байна. 


Ийнхүү Францад Путин айлчлал, хэлэлцээр хийх үеэрээ АНУ дангаар гарсан гэрээний талаар мэдэгдэл хийж байх зуур энэ гэрээ хүчингүй болоод ердөө хэдхэн хонож байхад АНУ гэрээгээр хориглосон пуужин туршсан юм. 


Тодруулбал, АНУ Бага болон дунд тусгалтай пуужин устгах тухай гэрээнээс гарснаасаа хойш анх удаа, энэ гэрээгээр хориотой, газар суурьтай далавчит пуужин туршсан байна. Пуужинг наймдугаар сарын 18-ны өдөр Сан-Николас арал дахь Баруун эргээс хөөргөсөн бөгөөд пуужин 500 км гаруй зам туулсан гэж наймдугаар сарын 19-ний өдөр Пентагон мэдэгдсэн юм. 


Өмнө нь АНУ наймдугаар сарын сүүлээр газар суурьтай далавчит пуужин туршиж магадгүй талаар хэдэнтээ мэдэгдэж байлаа. Энэ оны гуравдугаар сарын дундуур Пентагоны төлөөлөгчид мэдэгдэл хийхдээ  1000 орчим км тусгалтай Tomahawk пуужин турших төлөвлөгөөтэй байгааг онцолж байсан юм. Түүнчлэн ирэх 11 дүгээр сард Пентагон газар суурьтай баллистик пуужингийн туршилт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 1991 онд Бага болон дунд тусгалтай пуужин устгах гэрээний дагуу устгагдсан Pershing II  пуужинтай төстэй, “шинэ пуужин” байна гэдгийг онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн
 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ