Наймдугаар сарын 19-ний өдөр Киевд газардсан, Изралийн Ерөнхий сайдын айлчлал эхнэртэй нь холбоотой дуулианаар эхэллээ.
Тодруулбал, түүний эхнэр нислэгийн үеэр нисэгчид өөртэй нь зохих ёсоор мэндлээгүйд бухимдан, нисэгчдийн бүхээгт орохыг шаардан шуугиан үүсгэсэн тухай мэдээлэл гарсны дараа Киевд газардах үеэр нь зочдыг угтан талх давс барихад Нетаньяхугийн эхнэр талхыг газарт хаясан нь Украины хэвлэлүүдээр ихээхэн шуугиан тарьсан байна.
Харин Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху эхнэр Сара нь талх амсахаас татгалзсан нь Украиныг хүндэтгэхгүй байгаа хэрэг биш хэмээн тайлбарлажээ. Түүний эхнэр Украиныг хүндэтгэх үүднээс тус улсын төрийн далбааны өнгөтэй хувцас тусгайлан сонгосон гэж онцолсон байна.
“Тэр Украины үндэсний өнгөтэй хувцас тусгайлан сонгожн, онгоцноос шар, хөх өнгийн хувцастайгаар онгоцноос буусан. Украиныг хүндлэх үүднээс тэр шүү дээ” хэмээн Нетаньяху өгүүлжээ.
Түүний эхнэр онгоцноос буухдаа шар өнгийн пальто, өмд болон цэнхэр өнгийн цамцтай буусан байна.
Болсон явдлын талаар Нетаньяху тайлбар хийхдээ “талхтай холбоотой явдал гараагүй бол хэвлэлүүд түүхэн айлчлалд анхаарлаа хандуулахгүй л байх байсан” хэмээн хошигножээ.
“Чөлөөт худалдааны бүсийн гэрээ, Иерусалим дахь Украины төлөөлөгчийн газар болон бусад ололтуудыг авчрах айлчлалд анхаарал хандуулахын тулд энэ нь хэрэгтэй юм бол тэгэж л байг” хэмээн Ерөнхий сайд өгүүлсэн байна.
Түүнчлэн, Иерусалимд саяхан Японы Ерөнхий сайд айлчлахад зоогийн үеэр туфли хэлбэртэй десерт өгсөнд л хэвлэлийнхэн анхаарлаа хандуулж, энэ нь ёсзүй зөрчсөн, зочноо үл хүндэтгэсэн хэрэг хэмээн шүүмжилж байсныг Нетаньяху дурсжээ.
“Бид анхаарал татах арга бодож олсон бололтой. Цааш үргэлжлүүлцгээе” хэмээн Нетаньяху өгүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |