Эрх баригчид сонгуулийн тогтолцоон дээр санал нэгдэж чадах уу
2019-08-20

Эрх баригч хүчин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нэгдсэн байр суурьт хүрээгүй гацлаа. Энэ хэрээр цаг хугацаа алдаж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөө долоо хоногоор хойшилсоор ирлээ.

 

УИХ-ын ээлжит сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах асуудал эрх баригч хүчний гишүүдий талцуулав. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд “сонгуулийн холимог тогтолцоотой байх, УИХ-ын гишүүдийн тоо 108, бүрэн эрхийн хугацаа таван жил” байхаар тусгасан. Уг нь өнөөдөр эрх баригчид наадаж намын бодлогоор эвийг сахиж байх үе ч Ерөнхийлөгчийн хууль үйлчилж байгаа нь мөн л түүхэн ховор үзэгдэл биз.  

 

УИХ эрх мэдлээ нэмэгдүүлэх эрх хуулиараа хориотой. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа улс төрийн тохироогоор эрх мэдлээ нэмэгдүүлэх заалтыг Ерөнхийлөгчөөр өргөн бариулсан нь өнөөдрийн дотоод зөрчлийн үүсгээд байгаа. Мэдээж, Ерөнхийлөгч хуулийн төслөө өргөн барихдаа харилцан эрх ашгаа дээдэлж, эрх баригчдын хүсэлт дээр өөрт харьяалагдах салбарт  саналаа тусгасан байгаа. УИХ-ын гишүүдийн тоог 108 биш гэхэд 99  эсвэл тодорхой хэмжээгээр нэмэх санал дэмжигдэхээр юм билээ. Бүрэн эрхийн хугацаагаа ч нэг жилээр нэмж, Ерөнхийлөгчийн төсөл дэх заалтийг дэмжигдэнэ. Харин сонгуулийн тогтолцоо бол эрх баригчдын хувьд эмзэг асуудал.

 

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн жил  хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрх баригч хүчин сонгуулийн тогтолцооны асуудалд байр сууриа нэгтгэж чадахгүй зөрчилдсөөр байна. Аль ч парламентын үед эрх баригчид дараагийн сонгуулийн системийг өөрсдийнхөөрөө зурагласаар ирсэн. Тиймээс “энэ байдлыг халж, Үндсэн хуульдаа зааж өгөх нь зүйтэй” гэж улстөрчид ярьдаг. Харин яриа нь ажил хэрэг болох нөхцөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар бүрдэх байлаа. Гэвч өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн энэ үед  гишүүүд намын бодлогоор бус хувийн өнцгөөс асуудалд хандаж байна.

 

Нэгэнтээ намын бодлогоор хайрцаглагдаж, ярайтал зэрэгцэн суугаад ярсхийтэл гараа өргөн баталдаг байсан тэр үе түүх болоэн ард хоцорч, МАН-д. Уг нь эрх баригчдийн зүгээс “жижиг 76 тойрог хэрэггүй. Монгол бүхэлдээ нэг тойрог болж, сонгуулийг явуулснаар хөгжлийн бодлогыг томоор харна. Төсвийг 76 жижиг тойрогт үрэн таран хийхгүй” гээд л нухацтай ярьж байсан үе саяхан.

 

2012 оны УИХ-ын сонгуулиар холимог тогтолцоогоор явагдаж, намын жагсаалтаар тодорхой хувь нь парламентад орж ирсэн. Харин энэ эрхмүүд  улсын төсвийг хэлэлцэх үед хөгжлийг томоор харахаасаа илүү “Би ард түмнээс сонгогдсон” гээд  тойргоос сонгогдсон гишүүд рүү  томорч, сонгогдсон тойрогтоо төсөв тусгуулах гэсэн заримыг чичилж байсныг мэдэх юм. Тухайн үеийн парламентаас намын жагсаалтаар сонгогдсон нь “би” , тойргоос соногогдсон нь “бид” төвтэй байгаа нь харагдсан.  Харин одоо Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэх сонгуулийн холимог тогтолцоон дээрээ эрх баригчид тохирч чадахгүй толхилцож байна.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь ирэх сонгуулийн пиар, хувь улстөрчийн амбиц байж болохгүй гэсэн АН-ын шүүмжлэл ч нэгийг хэлж байгаа. Хэдийгээр УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжихээ илэрхийлсэн ч ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийг баталж болохгүй гэсэн зарчимаа илэрхийлсээр байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл олон нийтийн хүртээл болоогүй ч ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан АН-ын санал харин өнгөрсөн өдрүүдэд олны сонорт илүүтэй хүрсэн. Тиймээс ч олон нийт Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа биднээс санал авна гэсэн цор ганц, тов тодорхой ойлголттой болсныг эрх баригчид анхаарууштай. Цаг хугацааны хувьд ард нийтийн санал асуулга явуулж амжихгүй гэж үзвэл наанадаж олон нийтийн шүүмжлэл дагаж, цаанадаж эрх баригчдыг эсэргүүцсэн сонгуулийн сөрөг пиар болж хувирна гэдгийг гадарлах биз.

 

Эрх баригчдын байр сууриа нэгтгэж чадахгүйгээс энэ асуудал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөөс хасагдах ч магадлалтай. Учир УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, дараагийн сонгуулиа явуулах нь эрх баригчдын төдийгүй улс төрийн намуудын  ч маргааныг таслах гарц байж мэдэх юм.  Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын хяналтыг сайжруулж, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үндсэн зорилгоо умартаж, ухарч болохгүй байлтай.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин