Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын цэг барив
2019-08-20

Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. Тус багийн үлээвэр найрал хөгжмийн хамтлаг “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр” Бентью хотод үйл ажиллагаа явуулдаг НҮБ болон бусад хүмүүнлэгийн байгууллагуудын хамтран зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон.

 

 

Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт бусдын төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр амь биеэ үл хайрлан зүтгэсэн хүмүүнлэгийн үйлстэнгүүдийг эргэн дурсах, тэднээр бахархахыг уриалсан арга хэмжээ болдог аж. Уг арга хэмжээнд НҮБ-ын мужийн зохицуулагчийн даргын орлогч, “Бентью” хотод үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн удирдлагууд оролцсон бөгөөд батальоны зүгээс тус арга хэмжээнд хөгжим, аппаратур хэрэгслээр дэмжлэг үзүүлж, хамгаалалтын ажлыг зохион байгуулжээ.

 

 

Мөн манай улсын цэнхэр дуулгатнууд дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын гурван цэг барьж шинэчлэн завсарласан байна. НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа мотобуудлагын батальоны VIII ээлжийн бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчинд Инженерийн цэрэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяр мөн “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан “Хубилай, Арвай, Дельта, Эко” тэргүүний ажиллагааны баазууд харуул, хамгаалалтынхаа байр, инженерийн төхөөрөмжлөлөө сэргээн засварлаж, үүрэг гүйцэтгэх аюулгүй байдал, орчин нөхцлийг сайжруулжээ.

 

 

Үүнд батальоны бэлэн байдал, харуул хамгаалалт, үүрэг гүйцэтгэх нөхцлийг нэмэгдүүлэх зорилгоор “Бентью” бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд хамгаалалтын шинэ 3 цэг барьж, 2км газар шороон далан, 4км газарт торон хашааг шинэчлэн засварласан байна. Мөн “Эко” тэргүүний ажиллагааны бааз, “Арвай” баазад газрын торон саадыг, “Дельта” бааз буу шалгах цэг, харуулын цэгүүдийн хяналтын секторыг халхалсан модыг тайрах, харуулын цэгийн дээврийг шинэчлэх, хамгаалалтын тасарсан тор, ус зайлуулах шуудууг нөхөн сэргээж засварласан.

 

Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд “Инженерийн цэрэг” үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баяр, “Дэлхийн хүмүүнлэгийн өдөр”-ийг тохиолдуулан дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул хамгаалалтыг сайжруулах, бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг дээшлүүлэх, хамгаалалтын тороор орон нутгийн хүүхдүүд давах асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин