БСШУСЯ-наас хичээлийн шинэ жилийг угтан хэвлэлийн бага хурал хийлээ. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн 850 гаруй сургуульд нийт 644 мянган хүүхэд суралцах бол цэцэрлэгт 275 мянган хүүхэд хүмүүжих юм байна.
Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн бүртгэл 2019 оны 7 сарын 22 өдрөөс эхлэн наймдугаар сарын 22 өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд одоогийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлжээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Нийслэлд 2019 онд нийт 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллага цэцэрлэг байгуулах хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан 13 хувийн өмчийн цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн засаг даргын захирамж гарч, нийслэлийн хэмжээнд цэцэрлэг 1083 боллоо” гэв.
ЕБС-д 40 мянга, цэцэрлэгт 10 мянга, их дээд сургуулиудад 7 мянга орчим багш ажиллах бол 140 орчим мянган оюутан суралцах аж. Их дээд сургуульд жилд 30-40 мянган оюутан элсдэг байсан бол энэ жил 10 мянган оюутан элсэж байгаа юм. Учир нь хичээлийн хөтөлбөр өөрчлөгдсөн жилтэй холбоотойгоор маш цөөхөн сурагч ЕБС-ийг төгссөн тул их, дээд сургуулийн элсэлт цөөн байгаа аж.
Их дээд сургуулийн сургалтын төлбөрийн өсөлтийг инфляцийн түвшнээс хэтрүүлэхгүй байх бодлого барьж буйг Ё.Баатарбилэг сайд онцлов. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөр өмнөх оноос 10-15 хувь өсчээ. Сургалтын төлбөрийн нэг кредит цагийн үнэлгээ 51500-120800 төгрөгт хэлбэлзэж байна.
2019-2020 оны хичээлийн жилийн амралтын хувиар батлагдсан байна. Энэ хичээлийн жилд ага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоногоор хичээллэх бөгөөд амралтын хувьд нийслэл, орон нутагт ялгаатай байх аж. Тухайлбал нийслэлийн сурагчид утааны улиралд урт амарна. Харин орон нутгийн сургуулийн сурагчид мал төллөх үеэр урт амраахаар зохицуулалт хийжээ.
Харин 2019-2020 оны хичээлийн жилийн зуны амралт зургадугаар сарын 6-нд эхлэх аж.
Мөн 2019 онд 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль 13140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулах бол 2020 онд 34590 хүүхдийнсуудал бүхий 68 сургууль, 6850 хүүхдийн ор бүхий 42 цэцэрлэгийг тус тус шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
П.Отгондалай
Уншиж байна |