Популизм эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна
2019-08-20

Гэрэл зургуудыг MPA.mn

 

"Азийн төлөөх Боао форум"-ын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус форум нь бүс нутгийн орнуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэхийг гол зорилготой. Монголд анх удаа зохион байгуулах нь БНХАУ зэрэг Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Энэ форумд “Азийн төлөөх Боао форум"-д тус форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана оролцож байгаа юм.   Бага хурлын үйл ажиллагаанд Монгол, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг 10 гаруй орны 300 орчим Засгийн газрын болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

 

“Хөгжлийн зам”-ыг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулахыг зорьж байна

 

 

Тус форумд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  оролцож хэлсэн үгэндээ:

 

- Улаанбаатарын бага хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор болж буй нь өнөө үед бүс нутаг, дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг даван туулах гарц нь гагцхүү улс орнуудын уялдаатай үйл ажиллагаа байх юм гэсэн итгэл үнэмшилтэй холбоотой хэмээн харж байна.

 

Мэдээлэл, харилцаа холбоо, аж үйлдвэрийн  технологийн дэвшил, тэдгээрийн хурдацтай тархалтын нөлөөгөөр дэлхий дахин, бүс нутгийн байдал түргэн хувирамтгай, эмзэг болж буй нь бидний амьдарч буй өнөөгийн цаг үеийн онцлог юм. Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг  дэлхий нийтийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудыг даван туулах зорилгоор “2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг улс орнууд хамтран дэвшүүлж, ногоон, тогтвортой хөгжлийг хамтын зорилгоо болгон  ажиллаж буй хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүч, нөөц боломжинд эргэлзэх, олон талт хамтын ажиллагаанаас зай барих хандлага гарч буй нь ч өнөөгийн цаг үеийн онцлог юм. Тиймээс хөрш зэргэлдээ орнууд, бүс нутгийн орнууд давуу талаа уялдуулан, бие биеийнхээ хөгжлийг дэмжиж, хамтын хөгжил дэвшилд тэмүүлж байгаагаа нотлох нь өнөөдрийн хуралд оролцогчдоос дэвшүүлэх гол санаа, эерэг дохио байна гэдэгт би итгэлтэй байна.

 

Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй хамрагдах, бүс нутаг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд өөрийн бололцооны хэрээр хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг та бүхэн мэднэ. Бид энэ бодлогоо цаашид ч үргэлжлүүлэх болно.

 

Өмнөд хөрш БНХАУ ч өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлдэг бөгөөд Монгол Улсын  “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж байна.

 

Хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй нь гурван улсын хөгжил дэвшил төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Өнөөдрийн бага хурлын сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр хоёр болон гурван улсын хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, төслүүдийн талаар та бүхнээс тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Дараагаар нь оролцогсод илтгэл тавьж хэлэлцүүлэв.

 

Монгол Улс бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаанд идэвхтэй оролцож байна

 

 

“Азийн төлөөх Боао форум"-ын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн:

 

-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсч байна. Үүнд, Монгол Улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт, экспорт, импортын үзүүлэлт чухал нөлөө үзүүлсэн гэж харж байна. Дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар төсвийн зардлаа багасгаж, бүсээ чангалсан арга хэмжээ авч байгаа ч бүс нутгийн эдийн засаг, худалдааны харилцаанд идэвхтэй оролцож байна. Монгол, БНХАУ, БНСУ, Япон  зэрэг улсын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хамтын ажиллагаа өргөжиж тэлж байна. Энэ нь Азийн эдийн засгийн харилцаанд чухал нөлөөл үзүүлж байна. Мөн Монгол –ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор-төсөл олон талт хамтын ажиллагааг өргөжин тэлэх, харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

Өнөөдөр дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүн амын насжилт, байгаль орчны бохирдол зэрэг маш олон асуудал тулгамдаж байна. Эдгээр асуудал нь хөгжлийн ямар нэгэн дутуу орон зай, бодлоготой холбоотой гэж бид үзэж байна.

 

АНУ, Европын холбоо, Зүүн Өмнөд Ази зэрэг бүс нутгийн улсууд даяарчлалаас ухарч, популизмд автаж, нэг талыг баримталсан бодлого хэрэгжүүлж байгаа нь  дэлхийн засаглал, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэж, илүү сайхан ирээдүйг бий болгоход улс орнуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй. Улс орнууд дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага гарч ирж байна. Гэхдээ дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхдээ Байгаль орчны хүчин зүйлийг чухалчлан авч үзэх хэрэгтэй.

 

Өнөөдөр Азийн тивийн хүн амын 82 хувь нь буюу дөрвөн тэрбум хүн агаарын бохирдолтой бүс нутагт амьдарч байна. Энэ асуудал бол дэлхийн долоон тэрбум хүнд хамааралтай асуудал. Эдгээр асуудлууд нийтлэг шийдлийг хүлээж байна. Азийн тивийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болоход бид бэлэн байна. Илүү сайхан ирээдүйг бий болгоход дэлхий нийтээрээ хамтарч ажиллах, уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалж байна.

 

Нэг талыг баримтлах нь дэлхийн дэг журмыг эвдэж байна

 

 

Боао форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодон:

 

-Нэг талыг баримтлах нь дэлхийн дэг журмыг эвдэж байна. Иймд олон талт үзэл бодол, чөлөөт худалдааг хөхиүлэн хөгжүүлэх шаардлагатай. БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэг, тусламжтайгаар Монголд хурдны зам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв барих гэх мэт төслүүдийг хэрэгжүүлж байгааг онцлов. Манай хоёр улсын түншлэлийн харилцаа улам бэхжсээр байх болно гэж итгэж байна. 

 

Өнөөдрийн мэдээлжсэн ертөнцөд боловсрол чухал

 

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

 

-Монгол Улс БНХУА-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бид маш олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь "Боао форум" болж байна. Боао форумыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаагаар онцлогтой. Учир нь, бүс нутгийг сонирхсон томоохон бизнес, хөрөнгө оруулагчид энэ форум дээр цугладаг. Зөвхөн БНХАУ-тай хамтарсан бизнес эхлүүлэх биш энэ бүс нутагт худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хэрхэн ажиллах вэ гэсэн том зургаар харах юм бол эдгээр бизнес эрхлэгчид Монгол Улсад Боао форумын хүрээнд цуглаад ярилцаж байгаад баяртай байна.

 

Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлж байна. ААН үйл ажиллагаа жигдэрч байгаа энэ үед бид Монголын зах зээлд шинэ боломжийг нээж өгөх хэрэгтэй. Энэ ч үүднээс бид олон форум арга хэмжээг зохион байгуулж байна. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалтыг татах боломжтой. Бүс нутагт амжилттай бизнес эрхэлж буй бизнесменүүд, хөрөнгө оруулагчид Боао форумын тохиолдуулан Монгол Улсад ирж, хөрөнгө оруулах гэж буй бизнесээ нүдээрээ харах боломжийг олгож байгаа юм. Өчигдөр би Боао форумд оролцож буй хүмүүст хандаж, боловсролын салбарт анхаарал хандуулахыг уриаллаа. Өнөөдрийн мэдээлжсэн ертөнцөд хүн хоолоо олж идэхэд "Боловсрол" чухал болж байна.

 

Форумын үйл ажиллагаа үргэлжилж байна. “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
ene hen be、zail
2019-08-21