Монгол, Орос, Хятадын тамирчид өрсөлдөх хүүхдийн спортын наадамд эхэллээ
2019-08-21

 

Мягмар гаригт Оросын Чита хотноо олон улсын хүүхдийн наадам нээлтээ хийжээ. Нээлтийн ажиллагааны үеэр Орос, Хятад, Монголын 600 орчим тамирчин “Юность” цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаал хийсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


“Энэ үйл явдал нь зөвхөн Өвөр Байгал төдийгүй Орос, Хятад, Монголын спортод чухал үйл явдал юм. Бид анх удаа олон улсын хүүхдийн наадам зохион байгуулж бөгөөд бидний хувьд ихээхэн хүндтэй үйл ажиллагаа болж байна” хэмээн Өвөр Байгалын хязгаарын дэд сайд Аягма Ванчикова өгүүлжээ.


Хүүхдийн спортын наадамд Хятадаас 78 тамирчин, Монголоос 126 тамирчин оролцож байгаа юм байна. 
Наадам энэ сарын 23 хүртэл үргэлжлэн, оролцогчид хөнгөн атлетик, чөлөөт бөх, бокс, жүдо, ширээний теннис, волейбол, усанд сэлэлт, сур харваа, мини хөлбөмбөг гэсэн 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд энэ жил наадмын төрөлд анх удаа Буриад бөхийн тэмцээн багтаж байгаа гэнэ. Түүнчлэн энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцож байгаагаараа онцлогтой аж. 

 

Хүүхэд залуусын дунд олимпийн төрлүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой Олон улсын хүүхдийн наадам Орос, Хятад, Монголд ээлжлэн зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Буриад улсад гурван улсын тамирчид өрсөлдөж байв. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин