Улсын тусгай хамгаалалттай газрыг 1,3 сая орчим га-гаар нэмэгдүүлнэ
2019-08-21

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

 

 

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр: 

 

-Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар

 

-Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар

 

-Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,

 

-Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр, 

 

-Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

 

-Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөхнуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар

 

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар

 

-Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

 

Мөн төслөөр Орхоны Хөндийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын  3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж хилийн заагт өөрчлөлт оруулна.  

 

Эдгээр газар нь зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1 298 047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр тусгай хамгаалалтай газар нутгийн талбайн хэмжээ 31,461,221 га байсан бол эдгээр газрыг шинээр болон өргөтгөлөөр авснаар 32, 759, 268 га буюу Монгол Улсын тусгай хамгаалалттай нийт газар нутгийн 20,94 хувийг эзлэх юм.   

 

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталлаа

 

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогыг баталж, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нарт үүрэг болголоо.

 

  Жуулчин хүлээж авах өнөөгийн ор/хоногийн даацыг тооцвол манай улс өдөрт 72 мянган жуулчин, энэ нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал зуны гурван сард 1,6 сая гадаадын жуулчин хүлээж авах боломжтой. Гэсэн хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн туршид Монголд ирж буй жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзсээр байна. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг нь тус салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, бус нутаг бүрт аялал жуулчлалыг жигд хөгжүүлэх, олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгджээ.

 

Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

 

Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгохоор шийдвэрлэлээ.

 

 Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо.

 

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.  

 

Товч мэдээ:

·  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх, усны нөөц ашигласны төлбөр тооцох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг хөнгөлөх тухай Дорноговь болон Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолын дагуу тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.

 

·  Аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад тулгамдаад байгаа асуудлын талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төв аймгийн Сэргэлэн сум болон нийслэлийн Багануур дүүрэг дэх хоёр байршлыг аюултай хог хаягдал, лагийн төвлөрсөн байгууламж барих газарт тавигдах шаардлагыг хангасан боломжит байршил гэж үзэж байгаа ч орон нутгийн удирдлага дэмжихгүй, эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна.

 

·  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

·  Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжээд, ноот бичигт гарын үсэг зураг эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтов.

 

·   Улаанбаатар хотод 2019 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн ЗГХК-ын V, мөн БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны зургадугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны IV хуралдааны дүнг сайшааж хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Комиссын дарга нарт даалгалаа.  

 

·  “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сайхан монгол орныхоо үзэгслэнт газруудыг хамгаалалтанд авч байгаа Засгийн газарт баяр хүргэе,Монгол түмэнд хүргэх нэг байнаа."Газрын доорхи баялгийг гадаадын хүнд өгсөн хэнийг ч өчиггүй ал"гэж ихэс дээдэс маань сургасныг бүү март,МӨРД.
2019-08-21