АН: УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжихгүй
8-23

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралджээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийх дарга Д.Эрдэнэбат:

 

-УИХ дахь АН-ы зөвлөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд 18 заалт бүхий саналаа хүргүүлсэн. УИХ-аас сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар  ирүүлсэн. Бид энэ тайлбарыг хүлээж авахгүй. Дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. АН-ын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна.

 

АН-ын дарга С.Эрдэнэ:

 

-АН-ын зөвлөл Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс санал ирүүлснийг судалж, дэмжиж хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр суурьт ч хатуу зогсоно. Ерөнхийлөгчийн саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, тойргоос сонгогдсон нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Тиймээс үндэслэл, тооцоололтой учраас бид дэмжээд явна. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна. Эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх хүмүүс эцэг хуулийг батлах гээд явж байгаад харамсаж байна. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Монгол Улсад тууштай бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд алсын хараа, тууштай явах заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийн тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Мөн татвар хураамж, орон нутгийн эдийн засгийн бодлого, зохицуулалтыг Үндсэн хуульд оруулах ёстой гэж бид хэд хэдэн санал өгсөн. Түүнээс гадна төсвийг батлахдаа орлогоо дагаж, зардлаа нэмдэг байдлыг хаах саналыг мөн хүргүүлсэн. Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавих зэрэг саналуудыг хүргүүлсэн. Хэрэв зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол Ардчилсан намын зөвлөл дэмжихгүй.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Гишүүдийн тоо 99 байх саналыг өмнөх парламентад  АН-аас гаргаж байсан. Яагаад дэмжих боломжгүй гэж?

 

АН зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

 -Холимог тогтолцоо байх, улс орны хөрөнгийг үр дүнгүй зарах, бодлого алдагддаг учраас холимог байх нь зөв гэж оруулж ирсэн. Гэвч МАН-ын зүгээс тогтолцоогоо өөрчлөхгүйгээр зөвхөн гишүүдийн тоог нэмэхээр ярьсан гэсэн. 99, 108 хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй учраас 54, 54 байх нь зөв гэж хэлээд байгаа юм.

 

-Гишүүдийн тоог нэмэхгүйгээр одоогийн 76 гишүүнээ холимогоор явуулах боломжтой юу?

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

 

-Гишүүдийн тоо 76, 108 гэдэгтээ асуудал байхгүй байна. Харин хүн амын тоо, харьцаа, эдийн засгийн өсөлтийн үр дүн, улсын нэгдсэн төлөвлөлт, бодлогын төлөө явдаг гишүүд цөөхөн байна. Тиймээс орон нутаг, намын жагсаалтаас сонгож, үндэслэлтэй тооцоололтой саналаа дэмжээд явах нь зүйтэй гэж үзэж байна. Ерөнхийлөгчөөс ирүүлсэн, тухайлбал, 50 мянган хүний гарын үсгээр нам байгуулах асуудал гэхэд өнөөгийн нөхцөлд тохиромжгүй харагдаж байгаа юм. Өнөөдөр 801 хүний гарын үсэг гэхэд өнөөдрийн нөхцөлд харьцангуй бага байгаа юм. Тиймээс АН нийт хүн амын нэг хувьтай тэнцэх хэмжээний хүний гарын үсэг зурсан тохиолдолд нам байгуулах боломжтой гэсэн саналыг хүргүүлсэн.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
76-99 гэхээр 23 хүн эрхэм гишүүнээр нэмэгдэх нь.Санал хураалтаар Эрдэнэ,Эрдэнэбат 2 орж ирж чадахгүй болсон уу?Үүнийгээ мэдээд 108-н 50 хувь буюу 54-г АН-ын нэрээр жагсаалтанд орчих найдвар горидоод холионтой /50:50/ байх гээд уйлагнаад,хөөрхий дөө.
2019-08-24
зайл зайл зүгээр хэнд хэрэгтэй гэж тоо яриад солиороод суудаг хогнууд уу
2019-08-23
Балдан:
Ардчилсан нам маш их бүтээн байгуулалт хийсэн нам
2019-08-23
зочин:
АН- д дахин санал өгч огт болохгүй,,,Энэ нам 2 удаа засаг барихдаа Монгол улсын хөгжлийг 20 жил хойш татсан
2019-08-23