"Энержи Ресурс"-ын экспортын орлого 20 хувь өсч, 325 сая ам.долларт хүрэв
8-23

 

Монголдоо баяжуулсан нүүрсний экспортоор тэргүүлэгч "Энержи Ресурс" компани энэ оны эхний хагас жилд экспортын нүүрсний ханшийг хамгийн өндөр түвшинд тогтоожээ.

 

Тус компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээлэл өчигдөр албан ёсоор гарсан байна. Тайлант хугацаанд тус компани 4.4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортлон, 325.6 сая ам.долларын орлоготой ажилласан байна.

 

Өөрөөр хэлбэл, экспортын биет хэмжээ болон орлого нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар тус тус өсчээ. Компанийн экспортын хэмжээг задалбал, баяжуулсан коксжих нүүрсний хэмжээ 2 сая тонн байгаа бол баяжуулсан хагас кокжих нүүрс болон баяжуулсан эрчим хүчний нүүрсний хэмжээ 0.5 сая тонн байна. Үүнээс баяжуулсан кокжих нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулсан аж.

 

Тавантолгойн бүсийн нүүрс экспортын хувьд, Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт, тээвэрлэлтийн хүндрэл экспортод сөргөөр нөлөөлсөн хэвээр байгаа. Тухайлбал, энэ оны 2-р улиралд тус боомтоор өдөрт дунджаар 802 тээврийн хэрэгсэл нэвтэрч, экспорт хийсэн нь 2018 оны 2-р улирлаас 5 хувь, 2017 оны мөн үеэс 35 орчим хувиар тус тус буурсан дүн юм.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин