Видео: Эсэргүүцэл үргэлжилж, хонгконгчууд 40 км урт гинжин хэлхээ үүсгэжээ 
2019-08-26

Хонгконгийн хэд хэдэн дүүрэгт ням гаригт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 29 хүн баривчлагдсан талаар Цагдаагийн газар мэдээлжээ. 


ТАСС агентлагийн мэдээлснээр, ням гаригт Хонгконгийн олон дүүрэгт жагсагчид хаалт босгон, цагдаагийнхан тэднийг нулимс асгаруулагч хий ашиглан тараасан байна. 


“Ажиллагааны үеэр 17-52 насны 19 эрэгтэй, 10 эмэгтэйг цагдаагийн офицерүүд рүү халдах зорилгоор зэвсэг биедээ авч явсан, хууль сахиулан ажилтнууд руу халдсан, хууль бусаар жагссан зэрэг зөрчлийн улмаас баривчилсан” хэмээн Хонгконгийн цагдаагийн газрын албан ёсны цахим хуудсан дээрх мэдэгдэлд дурджээ. 


Түүнчлэн жагсагчдын “хүч хэрэглэсэн үйлдэл”-ийг таслан зогсоохын тулд тэднийг тараахын тулд хүч хэрэглэхээс аргагүй болсон талаар онцолсон байна. 


Ийнхүү ням гаригт дахин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн хонгконгчууд наймдугаар сарын 23-ны баасан гаригт нэгэн өвөрмөц арга хэмжээ зохион байгуулж олон улсын анхаарлыг татсан юм. 


Тодруулбал, жагсагчид баасан гаригийн орой гар гараасаа барилцан, 40 километр орчим үргэлжлэх амьд гинжин хэлхээ үүсгэсэн байна. Энэ арга хэмжээгээ тэд Балтийн орнуудын тусгаар тогтнолын төлөөх “Балтийн зам” арга хэмжээний дурсгалд зориулан зохион байгуулжээ. Одоогоос 30 жилийн өмнө, 1989 оны наймдугаар сарын 23-нд Зөвлөлт Социалист Эстон, Латви, Литва улсуудын оршин суугчид эдгээр орнуудын хувь заяаг шийдсэн Молотов-Риббентропын пактад гарын үсэг зурсан дурсгалд зориулан Таллин, Рига, Вильнюс хотыг холбосон 670 км урттай амьд гинжин хэлхээ үүсгэж байсан аж. 


Энэ үйл явдлын дурсгалд зориулан Хонгконгийн эсэргүүцэгчид метроны гурван шугмын дагуу гар гараасаа хөтлөлцөн зогссон бөгөөд оройн цагаар гинжийг харагдуулахын тулд зарим нь гар утасныхаа гэрлийг асаасан байжээ. Тэд энэ арга хэмжээгээ “Хонгконгийн зам” хэмээн нэрлэн, эсэргүүцэгчид цагдаагийнхны хүчирхийлэл, Хятад руу хүмүүсийг шилжүүлэх төлөвлөгөөний эсрэг зогсож байгааг харуулах, түүнчлэн гаднаас тусламж дэмжлэг дуудахын тулд зохион байгуулсан гэж мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин