Индонез нийслэлээ нүүлгэнэ 
2019-08-26

Индонезийн нийслэлийг Жакарта хотоос Калимантан арлын зүүн өмнөд хэсэгт нүүлгэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо үндэсний телевизээрээ мэдэгджээ. 


Нийслэлийг шилжүүлэх ажилд 32 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үндсэн ажлуудыг 2021 онд эхлэх юм байна. 


Улмаар 2024 он гэхэд төрийн байгууллагууд шинэ нийслэл рүү нүүнэ гэж эрх баригчид тооцоолж байгаа тухай Төлөвлөлт, үндээсний хөгжлийн сайд Бамбанг Брожонегоро мэдэгджээ. 


Түүний өгүүлснээр шинэ нийслэлтэй холбоотой хэд хэдэн хувилбар яригдаж байсан гэнэ. Тэр дундаа төрийн бүхий л байгууллагуудыг бүгдийг Жакартын төвд байрлуулах эсвэл ойролцоох дагуул хотуудын нэг рүү шилжүүлэх хувилбар яригдаж байсан ч эцсийн дүнд өөр арал руу нийслэлийг бүрэн шилжүүлэх хувилбарыг сонгосон байна. 


Калимантан нь газар хөдлөлтийн аюулгүй бүсд байрладаг бөгөөд энэ нь 18 мянган арлаас бүтдэг Индонезийн газар нутгийн хувьд ихээхэн чухал асуудал юм.  Энэ улсын нутаг дэвсгэр Номхон далайн галт цагираг гэх бүсд байрладаг тул өдөрт 5-6 удаа газрын чичирхийлэлт болдог байна.

 
Өнөөгийн нийслэл нь хотын дэд бүтэц хангалттай хөгжөөгүйн улмаас томоохон асуудлууд тулгардаг. Uber компанийн хийсэн судалгаагаар Жакарта хотод жолооч  нар жилд 22 өдөртэй дүйхүйц цагийг түгжрэлд өнгөрүүлдэг нь Ази дахь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. Түүнчлэн энэ хот дэлхийн хамгийн ачаалалтай хотуудын жагсаалтад 12 дугаарт бичигддэг. Жакарта хот засаг захиргааны онцгой тойргийн статустайн дээр Индонезийн хамгийн их хүн амтай хотод тооцогддог юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин