Б.Бат-Эрдэнэ: Би шавьдаа итгэж байна

Улсын аварга Э.Оюунболдоос хориглосон дөрвөн төрлийн бодисыг албан ёсоор зарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болсон. Цаашлаад Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэгдээд байна. Харин эдүгээ ҮАБЗ хуралдаж, Э.Оюунболдын улсын цолыг хураах асуудлыг хэлэлцэж байгаа сурагтай. Нийгэмд шуугиан дэгдээгээд байгаа дээрх асуудалтай холбогдуулан Улсын аварга Э.Оюунболдын багш, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Улсын аварга Э.Оюунболдоос төрлийн допинг илэрсэн гэсэн ҮБХ-ны мэдэгдэлд ямар та байр суурьтай байна вэ?
-Энэ асуудалд өөртөө их итгэлтэй байна. Надтай утсаар ярьж, “Би тийм бодис хэрэглээгүй. Та надад итгээрэй. Энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдлоо өгсөн. Наадмын өмнө намайг ямар ч аргаар хамаагүй допингийн асуудалд хутгана гэж байсан” гэсэн. Наадамд түрүүлсний дараа ч Хэнтийнхэн 1 тэрбум 700 сая төгрөгөөр төрийн баяр наадмыг худалдаад авчихлаа гэж гүтгэсэн. Үүнийг нь би судалж үзэхэд тийм мэдээлэл гарсан байна лээ. Хэрэв иймэрхүү зүйл байгаад зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байгаа бол шалгахад болохгүй юм байхгүй. Тиймээс энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалгаасай гэж хүсч байна.
-Хууль хяналтын байгууллагад хандах болов уу?
-Миний ойлгосноор Э.Оюунболд гомдол саналаа гаргасан гэж ойлгосон. Допингийн шинжилгээ авах гэж тэгж сүр болоод байдаггүй байсан. Одоо нарийн төвөгтэй авдаг болсон гэсэн. Баяр наадмын хууль гараад, шинжилгээ авдаг болсноос хойш тэр шинжилгээг нь өгч байсан. Сүүлийн үед өөр болдог болсон нь интернетэд тавигдсан бичлэгт байсан. Тэр бичлэгийг үзээд замбараагүй болдог болж дээ гэж бодсон. Энэ бүхнийг цэгцэлж журамд оруулахгүй бол болохгүй байх. Олон улсын лабораторид очсон шинжилгээ буруу гарах үндэс байхгүй гэж бодож байна.
-Та шавьдаа итгэл алдарч байна уу?
-Өөрөө өөртөө итгэлтэй байна лээ. Би шавьдаа итгэж байна. Хүч нэмэх зүйл хэрэглээд байхааргүй байгалиасаа заяасан хүчтэй хүн гэж боддог. Энэ тал дээр би санаа зовж байгаагүй.
-Яагаад Б сорьцийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан юм бэ?
-ДНК шинжилгээ өгнө гэж мэдэгдэл хийсэн байсан. Тэгэхээр тэрийг өгөх гээд Б сорьцийн шинжилгээ өгөхөөс татгалзсан байх гэж бодож байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ