ОХУ: Шереметьево “чимээгүй нисэх буудал” болохоор бэлтгэж байна 
2019-08-27

Шереметьево олон улсын нисэх буудал “Чимээгүй нисэх буудал” төслийн Оросын анхны оролцогч болохоор бэлтгэж байгаа талаар “Комсомольская правда” мэдээллээ. 


Шереметьево энэ төслийг амжилттай хэрэгжүүлвэл Оросын бусад нисэх буудлууд нэгдэх юм байна. 


“Чимээгүй нисэх бууудал” төсөл нь нисэх буудлууд дээрх дуут мэдээллийг багасгаснаар дуу чимээний зохих түвшинг тогтоож, зорчигчдын стрессийг бууруулж, ажилтнуудын ажиллах таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой аж. 


Төслийг хэрэгжүүлснээр онгоц зорчигчдоо суулгаж эхэлсэн болон дууссан, суулгах газар зэргийн мэдээллийг мэдээллийн самбар болон дуут мэдээллээр дамжуулах бол ойрын суурин газарт хүрэх арга, нисэх буудлуудын терминал хооронд зорчих, нисэх буудал дээр баримтлах журам, нислэгийн өмнөх болон дараах үзлэг явуулах тухай мэдээллийг гагцхүү мэдээллийн самбараар дамжуулан өгөх юм байна. 


Мөн онгоц нисэх болон ирэх мэдээлэл, бүртгэлийн газар болон цаг, нислэг цуцлагдсан талаарх мэдээллийг мэдээллийн самбар болоод дуут мэдээллээр өгөх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин