G7 Хонгконгийн эсэргүүцэлтэй холбоотой мэдэгдэл гаргасныг БНХАУ эсэргүүцэв 
2019-08-28

Даваа гаригт өндөрлөсөн G7 дээд хэмжээний уулзалтын дүнгээр энэ бүлгэмийн оролцогч орнуудын төрийн тэргүүнүүд олон асуудлаар мэдэгдэл хийсний нэг нь Хонгконгтой холбоотой байсан. 


Тодруулбал, Их долоогийн орнуудын төрийн тэргүүнүүд Хонгконг дахь үйл явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсний дээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даваа гаригт G7 дээд хэмжээний уулзалтын дүнгээр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийхдээ Хятад, Британийн 1984 оны тунхаглалыг сануулж, хүч хэрэглэхээс зайлсхийхийг уриалсан юм.


Харин ийнхүү Хонгконгод болж буй олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээний талаар мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар эсэргүүцэл илэрхийлж байгааг тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдлээ. 


“Бид үүнийг шүүмжилж байгаагийн дээр Хонгконг дахь нөхцөл байдалтай холбоотойгоор үндэслэлгүйгээр буруутгасан, G7-ийн оролцогч орнуудын төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийг эрс эсэргүүцэж байна. Хонгконг дахь нөхцөл байдал нь Хятадын дотоодын хэрэг бөгөөд нэг ч гадаадын байгууллага, гадны засгийн газар оролцох эрхгүй гэдгийг бид нэг бус удаа мэдэгдсэн” хэмээн Гэн Шуан мэдэгдсэн байна. 

Эргэн сануулахад, БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийг хэлэлцэхээр Хонгконгийн захиргаа төлөвлөснийг эсэргүүцсэн давалгаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж байна. Олон нийтийн шахалтаар Хонгконгийн захиргааны тэргүүн Кэрри Лам хуулийг хэлэлцэхгүй гэж мэдэгдсэн ч энэ хонгконгчуудыг зогсоогоогүй юм. Тайван эхлэж байсан жагсаал цуглаан сүүлийн үед хүчирхийллийн шинжтэй болж, цагдаагийнхан болоод жагсагчдын хооронд хэдэнтээ мөргөлдөөн гарсны улмаас цөөнгүй хүн гэмтэж бэртэн, мөн олон жагсагч баривчлагдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uursduu ehleed delkhii niitiin bas uls ornuudiin dotood heregt hoshuugaa durehee bolih heregtei
2019-09-02