У.Хүрэлсүх бизнес эрхлэгчидтэй уулзлаа
8-27

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-ын “Их танхим”-д уулзаж, тэдэнд тулгараад байгаа асуудлыг сонсон, салбарын сайд нарын хамтаар асуултад хариулж, санал солилцлоо.

 

Бизнес уулзалтад  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон зарим агентлагийн дарга нар байлцлаа.

 

МҮХАҮТ-аас санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 250 гаруй аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажилллагаа явуулдаг 10 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн юм.

 

 Бизнес уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засгийн гол ачааг үүрэлцдэг аж ахуй нэгжүүдтэйгээ уулзаж байгаад талархал илэрхийлээд, өнөөдөр энэ танхимд цугласан 250 гаруй аж ахуйн нэгжийн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг тоймлон дурдлаа.

 

Тухайлбал эдгээр компаниудын жилийн нийт борлуулалтын орлого нь 14.6 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 45 хувь, төлсөн татварын хэмжээ нь 2.9 их наяд буюу татварын нийт орлогын 35 хувийг тус тус эзэлж байна гэлээ. 

 

Түүнчлэн 2018 оны Бизнесийн итгэлийн судалгаагаар бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт өндөр дүнтэй гарсан. Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь 2012 оноос хойших 6 жилийн хугацаанд гарч байгаа анхны эерэг үзүүлэлт болж байна.  Мөн энэ судалгаагаар 2018 онд бизнесийн орчны тулгамдсан асуудлаар “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал” гэсэн хоёр асуудлыг бизнес эрхлэгчид нэрлэснийг дурдаад бизнесийн орчинг сайжруулж, аливаа асуудлыг шийдэхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, зөвлөлдөх механизм чухал болохыг онцлов.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтад хэлсэн үгэндээ, хууль ёсоор бизнес хийж, татвар төлж баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ заавал дэмжих байр суурь баримтлахаа илэрхийлээд бизнес эрхлэгчдэд олон бэрхшээл тулгардагийг  ойлгож байгаа, гэхдээ ажлаа бүтээхийн төлөө хэн нэгэнд авлига бүү өг, авлига нэхэж буй тэр хүмүүсийг шууд зарлаж, хэвлэл мэдээлийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд нэрлэ, учир нь авлигатай зөвхөн хууль, шүүхийн хүрээнд төдийгүй, олон нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрч шударга ёсыг нийгэмд тогтооно гэдгээ мэдэгдэв.

 

Бизнес эрхлэгчид ноос ноолуурын салбар хамгийн их ажлын байр бий болгодог хэрнээ төрийн дэмжлэг дутуу, татвар өндөр байгаа, махны экспортыг зөв зохион байгуулах хэрэгтэй байгаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд хүнд сурталтай байгаа, мөн уул уурхайн салбарт лиценз хураах нэрийдлээр хууль ёсоор хариуцлагатай ажиллаж байгаа компаниудыг хохироож байгаа талаар бодитой санал шүүмж өрнүүлж тухай бүрд нь Ерөнхий сайдаас болон салбарын сайд, агентлагийн дарга нараас хариулт авлаа.

 

Тухайлбал, Ерөнхий сайд, уул уурхайн лицензийг олноор нь хураасан гэх асуудалд зарим нэг хариуцлагатай компани багтчихсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм бол эргэж харж болно. Уул уурхайн баялгийг хууль бусаар ухаж, хууль бусаар хөлжсөн, ингээд ч зогсохгүй төрийн эрх мэдэл бүхий байгууллагад үр хүүхдээ хүртэл шургуулсан нөхдүүдтэй хатуу тэмцэх болно гэлээ.

 

Уулзалтын төгсгөлд бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааг  дэмжих зэрэг тодорхой салбарт бизнес эрхлэгчид, бизнесийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын саналуудыг нэгтгэснээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Ерөнхий сайд У.Хүрэлсүхт гардуулан, цаг алдалгүй мөрөөр нь ажиллаж бодитой шийдвэр гаргахад хамтарч ажиллахыг хүслээ.

Эх сурвалж: МҮХАҮТ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ хэдэн аймхай, хулчгар, амиа бодсон бизнесменүүд алга ташаад тэнэгтэхийг хараад ой гутав
2019-08-28
Hurelzukhee hudaldaa aj uildveriin tanhimd haryalagddaggui hichneen biznes erhlegch baidgiig medeh uu. Ene tanhim nertei buleglel gishuudiin mongoor yu hiidgiig medeh uu
2019-08-27