Кино театруудад үнэ төлбөргүй үзэж болох 10 кино
2019-08-28

 

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү арга хэмжээний хүрээнд Хятадын шилдэг 10 уран сайхны киног Тэнгис, Өргөө, Гэгээнтэн, iCinema кино театрт үнэ төлбөргүй гаргах аж.


Уг арван киноны 5-ыг Монгол дуу оруулгатайгаар буюу орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй зэрэг орчуулгын киноны мэргэжлийн жүжигчдийн дуу оруулснаар хүргэх бол, тавыг нь Өвөрмонголын Үндэсний Кино Орчуулан Үйлдэх Төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүргэх юм байна. 

 

Ингээд кино театруудын дэлгэцнээ гарах 10 киног танилцуулж байна. 

 

Дэлхийн Box Office-т долоод жагсаж байгаа "Нүүдэлчин дэлхий" / THE WANDERING EARTH/

 

Бүтээсэн он: 2019 он

 

Ерөнхий найруулагч: Гуо Фань

 

Киноны төрөл: Зөгнөлт, адал явдалт

 

Киноны товч агуулга: Эрдэмтэд нар асар хурдтай тэлэн томорч байгааг олж мэдэх бөгөөд дэлхий тун удалгүй нарны аймгийн бусад гараг эрхсийн хамт наранд залгиулан сөнөх нь тодорхой болов. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт очоод нэгдэн нийлж “Нүүдэлчин дэлхий” хэмээх төлөвлөгөө хамтран боловсруулах ба үүний дүнд манай дэлхий гадаргуу дээрээ 10000 хүчит хөдөлгүүртэй, бүх хүмүүс нь газар доороо амьдардаг, нэгэн том нүүн шилжих байгууламж болж хувирна. Хүн төрөлхтний энэ төлөвлөгөө амжилттай эхэлж, дэлхий байрлалаа сэлгэн өөр нарны аймаг руу шилжих их нүүдлээ эхлүүллээ. Гэтэл нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн таталцлын хүчинд автаж мөргөлдөн сүйрэх аюул нүүрлэх ба энэ үе гадаах ертөнцийг үзэхийг хүссэн ах дүү хоёр газар доорх хотоосоо оргон зугатааж гарч ирсэн үетэй давхцсанаар амь өрссөн адал явдал өрнөж эхэлнэ.

 

ДҮҮЛЭН НИССЭН ОН ЖИЛҮҮД / PEGASUS/

 

Бүтээсэн он: 2019 он

 

Ерөнхий найруулагч: Хань Хань

 

Киноны төрөл: Инээдмийн

 

Киноны товч агуулга: Алдар хүндийн оргилд гаран мандаж явсан авторалигийн уралдааны тамирчин Жанчы, дүрэм зөрчин нийтийн гараашид уралдсанаар тэмцээнд орох эрхээ 5 жил хасуулан, нэр хүнд нь шалдаа бууж, гудамжинд хоол зарж амьдардаг нэгэн болов. Нэг л өдөр хэн ч юм машинд нь үлдээгээд явсан байсан жаахан хүүхдийг асрах газар өгч чадалгүй авч үлдсэнээр эцгийн үүргийг биелүүлэх ажил давхар нэмэгдэв. Арайхийн тэмцээнд орох эрхээ сэргээлгэн, нэр төрөө сэргээхийг завдтал авторалийн тэмцээн хуучныхаас хамаагүй өндөр шалгууртай, асар их хөрөнгө мөнгө шаардсан бэрх спорт болсон байлаа. Хамтдаа алдаж онож явсан хуучин багийнхныгаа олж, эргэн нэгдэж, тэд одоо цагт ид алдаршин, тэргүүлж буй залуу тамирчин Линь Жэн Дунтай уралдахаар тохиров. Олон жил жолоо бариагүй, цуглуулсан мөнгөгүй, ивээн тэтгэгчгүй Жанчы, алдарт тэрбумтан тамирчныг ялах болов уу?

 

СҮҮДЭР / SHADOW

Бүтээсэн он: 2018 оны 9 сар

 

Ерөнхий найруулагч: Жан И Мо, Ли Вэй

 

Киноны төрөл: Тулаант, түүхэн, адал явдалт 

 

Киноны товч агуулга: Дайн байлдаан эзлэн түрэмгийлэл тасардаггүй эртний самуун үеийн Пэй улс. Хаад ноёдын амь нас хэзээ л бол хэзээ үрэгдэж болох дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг тул тэр үеийн хэргэм зэрэгтнүүд дунд өөртэйгөө царай зүс нуруу туруу ойролцоо хүнээр өөрийгөө орлуулан хүмүүсийн дунд байлгаж, өөрөө ард нь нууц байдлаар заавар чиглэл өгөн амьдрах арга ихэд дэлгэрээд байв. Энэ орлон тоглогчдыг Сүүдэр хэмээн нэрийддэг байжээ. Пэй улсын захирагч Зы Үй уг нь цэргийн их жанжин, эр зоригт нэгэн боловч урьд Пэй улсын харьяанд байсан Жэнжөү хотыг эргүүлэн авах тулаанд дайсны талын их жанжин Янцангийн алдарт илдэнд хүнд шархдан бие ихэд доройтсоноор жаахан байхаас нь тусгайлан бэлдсэн өөрийн Сүүдрийг гаргаж ирэн өөрөө нуугдахаас аргагүйд хүрнэ. Гэтэл үзэсгэлэнт авааль эхнэр Шяо-Ай болон эрүүл чийрэг, залуу эр Сүүдэр хоёрых нь дунд хайрын оч цахилах нь бие дорой жанжны уурыг ихэд барах ажээ. Жэнжөү хотоо дайснаас эргүүлэн авч чадаагүй Пэй улсын Пэйлян ван Зы Үй захирагчийн хатан Шяо-Айгаар төлөг буулгуултал үргэлжилсэн их бороо татрах тэр өдөр Жэнжөү хотыг эргүүлэн авна хэмээн төлөгт буув. Үүнийг сонссон Пэйлян вангийн дүү гүнж Чин Пин ихэд баярлан Захирагчийн байгуулсан Жэнжөү хотыг эргүүлэн авах босогчдын бүлэгтэй ван ахаасаа далдуур нэгдэн орно. Бороо зогсч, хотыг эргүүлэн авах тулааны өдөр ирлээ. Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл хэрхэн төгсөх бол?

 

ӨМНӨД ТУЙЛЫН ХАЙР / TILL THE END OF THE WORLD

 

Бүтээсэн он: 2018 он

 

Ерөнхий найруулагч: Ву Еөү Ень

 

Киноны төрөл: Уянгын драм, адал явдалт

 

Киноны товч агуулга: Өмнөд туйл. Унасан онгоц. Хуримын компанийн эзэн У Фүчунь, Огторгуйн физикч Жинь Ру-Итэй учирна. Үг хэл үйлдэл байдал нь огт таардаггүй хоёр залуу Өмнөд туйлын эзгүй мөсөн газар 75 өдөр амьдралын төлөө тэмцэнэ. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, нүд алдам эзгүй зэлүүд газар амьд үлдэх хүсэл тэдний цорын ганц зорилго болно. Судалгааны станц олж амь аврагдахын төлөөх эрэл хайгуулын явцад зан ааш тэнгэр газар шиг өөр, гэвч заяа тавилангийн эрхээр холбогдсон хоёр байгаль дэлхийг сүрдэн биширч, хайр дурлалыг ойлгон ухаарах ажээ.

 

САЛХИ ХАГАЛАГЧ / TO THE FORE

 

Бүтээсэн он: 2014 он

 

Ерөнхий найруулагч: Линь Чао Шянь

 

Киноны төрөл: Уянгын драма, адал явдалт, спортын

 

Киноны товч агуулга: Дугуйн уралдааны “Гялбаа” баг Солонгосын чадварлаг тамирчин Чон Жи Воныг багтаа аван гол довтлогчоо болгосноор түүнд замыг нь заан, чиглүүлэх үүрэг бүхий Салхи хагалагч гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зоригтой Чюмин, буурьтай, бодлоготой, шулуун шударга Чютянь хэмээх хоёр залуу энэ сонгон шалгаруулалтанд аргагүй чадал чадвараараа тэнцэн шалгарч “Гялбаа” баг ийнхүү шижигнэсэн залуусаас бүрдсэн чадварлаг баг болов. Олны хараанд өртөж, найдвар төрүүлээд байсан эмэгтэй тамирчин Хуан Шы Яао хүнд өвчний дараах бэлтгэл сургуулилтын үеэр тэдний багтай ууланд таарснаар залуухан хоёр Салхи хагалагч маань энэ охины хичээл зүтгэлтэй тууштай зан, үзэсгэлэнт царайнд татагдан дурлаж орхив. “Гялбаа”-гийн гол өрсөлдөгч “Сүнс” баг мөн л тэднээс дутахгүй сайн тамирчидтай. Жил тойрон олон орон дамжин явагддаг тэмцээнд энэ хоёр баг хүчтэй өрсөлдөгчид болно. Тэмцээний үеэрх хүнд хэцүү бартаа саад дүүрэн замд тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужил илрэн гарах ба хүн чанар, хүн сэтгэлийн шалгууртай мөн нүүр тулах ажээ.

 

ТОМ ЗАГАСНЫ ДОМОГ / BIG FISH AND BEGONIA

 

Бүтээсэн он: 2016 он

 

Ерөнхий найруулагч: Лян Шүэнь, Жан Чунь

 

Киноны төрөл: Хүүхэлдэйн, адал явдалт, уран зөгнөлт

 

Киноны товч агуулга: Сансар огторгуйг хүн төрөлхтний дэлхийтэй холбосон гүн далайн хөлгүй ёроолд түмэн бодисын оршин байх хуулийг зохицуулж байдаг “Өөр төрөлтнүүд” буй. Тэрхүү нууцлаг ертөнцөд амьдардаг “Чунь” охин 16 насныхаа төрсөн өдрөөр далайн гахай болж хувиран далайн мандалд гарч ирээд загасны торонд орж хүмүүст баригдахын даваан дээр хүний төрөлхтний хүүхэд жирийн нэг хүү таарч амийг нь авраад, өөрөө гүн хөх далайд живэн харамсалтайгаар амиа алдав. Өөрөөс нь болж сайхан сэтгэлт хүү амиа алдсанд ихэд гэмшин харамссан охин эрхийн чинээхэн жаахан загас болж хувирсан хүүгийн сүнсэнд туслахаар шийдэн халим загаснаас ч том аварга загас болон хувираад далайд гарав. Олон саад бэрхшээл, аюул заналыг даван хүүгийн сүнс амьд төрлийг олон эргэн амилах боловч энэ явцад Бурхдын ертөнцийн маш олон хууль зөрчигдөж, үүнээс үүдэн гайхалтай адал явдал тасралтгүй өрнөх ажээ.

 

ЧОНОН СҮЛД / WOLF TOTEM

 

Бүтээсэн он: 2015 он

 

Ерөнхий найруулагч: Jean – Jacquis Arnold

 

Киноны төрөл: Уянгын драма, адал явдалт

 

Киноны товч агуулга: 1969 он. Залуухан илгээлтийн эзэн Чэн Жэн Өвөр монголын малчин айлд хуваарилагдан ирэв. Суурин хэв маягт амьдралаас шууд нүүдэлчин ахуйд орсон залуу Монголчуудын соёл, онгон байгальд дасан зохицож амьдардаг гайхалтай өвөрмөц зан заншил, ахуй байдалтай танилцах явцдаа малчин ард болон байгалийн хуулийн энгийн хэрнээ нууцлаг зохицлыг хүндлэн биширнэ. Тэрбээр чонын хийморь, хүч чадал, ухааныг ойлгон биширч нэгэн удаа бэлтрэг суйлан гаршуулан тэжээх ба нутгийн удирдлага гэнэт ямар ч үнээр хамаагүй ойр хавийн бүх чоныг устгах даалгавар ардуудад өгсөн нь хайртай чонынх нь амь насанд заналхийлэв. Залуу чоноо хэрхэн хамгаалах бол? Зоригт Монгол малчин бүсгүйд татагдан дурласан сэтгэл нь хэрхэх бол?

 

БАРУУНШ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ / THE MONKEY KING

 

Бүтээсэн он: 2016 он

 

Ерөнхий найруулагч: Cheang Pou-Soi

 

Киноны төрөл: Адал явдалт, тулаант, түүхэн үлгэр домгийн

 

Киноны товч агуулга: Багш шавь дөрвүүл баруун тийш зорчин аялах замд Хохимой шулам Тансан ламыг булаахын тулд зальт арга сэтгэн урхи тавьсан байв. Овжин сэргэлэн, баатарлаг зоригт шавь Сун У Кун үүнийг мэдэн олон бэрхшээлийг даван байж зангыг эвдэн аюулаас гэтэлгэх боловч багш Тансан багш түүнийг буруу ойлгон өөрийг нь хороох гэлээ гэж бодон түүнийг хөөв. Энэ байдлыг соргог ашиглан хөдөлж Хохимой шулам Тансан ламыг булаан одоход ад үзэгдэн хөөгдсөн шавь Сун У Кун нь гомдлоо тэвчин чин сэтгэлийг барьж шуламтай тэмцэн, номын багш Тансангийнхаа амийг авран, Хохимой шулмыг бүр мөсөн дарснаар багш шавийн үл ойлголцол арилж, хамтдаа аян замаа цааш үргэлжлүүлнэ.

 

БАЯЖИХЫН ЗАМНАЛ / HOLD YOUR HANDS

 

Бүтээсэн он: 2017 оны 10-р сар

 

Ерөнхий найруулагч: Мяо Юэ

 

Киноны төрөл: Уянгын драм

 

Киноны товч агуулга: Хятадын алдарт жүжигчин Ван Шүэ Чигийн уг кинонд бүтээсэн гол дүр болох Ян насаараа цэргийн албанд зүтгэж байгаад халагдан нутагтаа ирсэн хал цэрэг. Уг кино нь Хятадын төр засгаас орон даяар зарлан хэрэгжүүлсэн “Ядуусыг дэмжье” нэрт стратеги төлөвлөгөөгөөр үйл явдлын сууриа болгосон бүтээл бөгөөд Ян болон түүний гэр бүл, ах дүүс, найз нөхөд, эргэн тойрныхон нь хэдэн үе дамжсан ядуу тарчиг амьдралаас элбэг хангалуун, шинэ соёлт амьдрал уруу шилжих явц дахь үзэл бодлын болон амьдралын хэв маягийн өөрчлөлтийг сонирхолтой, зөрчилтэй, сургамжтай байдлаар дүрслэн үзүүлжээ.

 

ТОМООЖООГҮЙ 28 НАС / SUDDENLY SEVENTEEN

 

Бүтээсэн он: 2016 он

 

Ерөнхий найруулагч: Жан Мо

 

Киноны төрөл: Инээдмийн

 

Киноны товч агуулга: 28 настай Лян Шяа бүсгүй 10 жил үерхсэн найз залуу Мао Лянтайгаа хөтлөлцөн хуримын танхимд хамтдаа орно гэдэгтээ туйлын итгэлтэй жаргалтай нэгэн байв. Хуриманд бэлдэн хөөрцөглөж, хосын амьдралын өөдрөг гэгээлэг мөрөөдөлд умбанхан байгаа. Лян Шяа бүсгүйн сэтгэл хөдлөл сүйт залуу Мао Лянд нь харин дийлдэшгүй дарамт болж хувирав.

 

Нэгэн өдөр Лян Шяа, Мао Лян хоёр бүсгүйн дотны найз Бай Шяо Нингийн хуримд уригдан очсоноор хуримын онцгой уур амьсгалд хэтэрхий догдолсон Лян Шяа найз залуудаа түргэхэн гэрлэхийг шаардтал найз залуу нь салах санал тавих нь тэр ээ. Гэнэтийн цохилтод өртөн сэтгэлээр бүрэн унаж, амьдрал нь орвонгоороо эргэсэн Лян Шяад гэтэл нэгэн санаандгүй явдал тохиолдож 17 насандаа эргэж очин элдэв хэрэгт орооцолдон, бужигнуулж явахдаа Янь Янь-тай танилцсанаар хувь заяаны гайхалтай өөрчлөлттэй нүүр тулав. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол....

Shuud.mn
Сонин хачин