УИХ сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуулиар "ДАРХЛАХГҮЙ"
2019-08-29

 

Ирцээ бүрдүүлэхгүй бойкотолсон гишүүдтэйгээ УИХ-ын дарга "эвлэрлийн гэрээ" байгуулсан бололтой. Ямартай ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхэлж, төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, цаг сунган хуралдлаа. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг уртасгасан хугацаатай явж байгаа. Зуны сард хоёрдугаар хэлэлцүүлгийн бэлтгэл ажил эхэлсэн ч намрын тэргүүн сартай золгож чуулганы босгыг давж байна. 

 

МАН-ын бүлэг нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхдээ АН-ын санал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хавсаргаж байгаа. Тэр дундаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд бүхэлд нь шахуу тусгахаар намын бүлгээс дэмжигдсэн нь угийн талцалтай МАН-ын бүлгийн дахин хагаралдахад хүргэсэн. Хуралдааны үеэр ч зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж, эсрэг байр сууриа илэрхийлж байна лээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл эхлэхдээ хууль зөрчиж эхэлсэн. Иргэд зарим нь ойлголттой, зарим нь мэдээлэлгүй байгаа. Хамгийн гол нь 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг буцаах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Голлон харвал амьдрал маргаашаас эхлээд сайжирчих юм харагдахгүй байгаа. Бусад улс орон манайхан шиг бөөнөөр нь оруулж, эмх замбараагүй зүйл байдаггүй. Өнөөдрийн бидний болохгүй бүтэхгүй хүндээ байгаа болохоос биш Үндсэн хуульд биш. Энэ өөрчлөлт гоё болохгүй, уул уурхайн хөрөнгө оруулалт шууд орж ирэхгүй. Засгийн газрын эрх мэдлийг томруулж байна. Хэтэрхий хүлээлт бий болгож байж том ял хэн дээр ирэх вэ. Олонхи дээр л ирнэ. Сонгуулийн тогтолцооны хувьд тойргоос сонгогдсон гишүүн улс орноо бодно, намын жагсаалтын гишүүн өөрийгөө, намын даргаа бодно" хэмээн саналаа хэлсэн. 

 

Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл анхны өргөн барьсан хувилбараасаа өөрчлөгдлөө гэх шүүмжлэл мөн дагалдаж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн заалтуудын дийлэнх нь дэмжигдсэн. Тиймээс төслийн эх хувилбар тэс өөрчлөгдсөн гэж гишүүд шүүмжилж байна. 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчөөс “УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, бүрэн эрхийг таван жил” байхаар тусгасан. Харин эрх баригч бүлгийн гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдийн тоог 99 байх шийдэлд хүрч, бүрэн эрхийн хугацааг Ерөнхийлөгчийн өргөн барьсанаар тусгахаар санал нэгджээ. Энэ нь ч Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд дэмжигдсэн.

 

Сонгуулийн өмнөх жилтэй давхцсан Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тусгах асуудал маргаан дагуулж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд “сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр явуулах”-аас тусгасан байлаа. Харин МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог эцэг хууль тусгаж, тогтолцоог ердийн хуулиар мөрдүүлэх байр суурьт хүрсэн байна. Учир нь сонгууль бүрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал тулгарна гэж  “алсын хараатай”  үзжээ.  Хэдийгээр тоо биш тогтолцоогоо өөрчлөх нь чухал гэж ярьж байгаа ч энэ удаад эсрэгээрээ үйлчлэх бололтой. Тоо тогтолцооноос чухалд тооцогдоод байна. Нөгөөтэйгүүр байгалийн баялаг төрийн өмч үү, нийтийн өмч үү гэсэн маргаан дагасан хэвээр. 

 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт "Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд, улс төрийн намын хариуцлагыг дээшлүүлэх, байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, мөн УИХ тарах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг илүү тодорхой болгож өгсөн, түүнчлэн төрийн бодлого тодорхой, уялдаатай байх, төсөв батлахад хүрээ хязгаар тогтоох өгөх зэрэг зохицуулалтыг шинээр томьёолсон. Тухайлбал, Нам нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байх. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтоохоор зааж өгсөн.

 

Харин нам байгуулах тооны тухайд Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэд нэгдэж байгуулахаар тусгагдсан байсан. Үүнийг зөвшилцөл, хэлэлцүүлгийн шатанд үндэслэлийг нь нягталж ярилцаад намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулахаар тусгасныг Байнгын хороо дэмжсэн. Түүнчлэн сонгуулийн тогтолцоотой холбоотой саналыг олон талаас нь авч үзэж ярилцаад “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн одоогийн Үндсэн хуулийн заалтыг хэвээр үлдээхээр тогтсон. Харин  “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн энэ хэсгийг өөрчлөн найруулахаар тусгаад байна

 

 

Байгалийн баялгийн өмчлөлийн тухайд Улсын Их Хурлын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж томьёолсон бол Ерөнхийлөгчийн төсөлд тэдгээр нь “нийтийн өмч” байхаар тусгагдсан. Тиймээс төслийн энэ заалтыг зөвшилцлийн шатанд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж өөрчлөн найруулж томьёолсон. Харин байгалийн баялгийн ашиглалт, тэгш шударга хуваарилалтын тухайд Үндсэн хуулийн энэ хэсгийг “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж өөрчлөхөөр тогтоод байна хэмээн гишүүдийн асуултад хариулахдаа онцолсон.  Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудлыг хоёр дахь хэлэлцүүлгийн дараа шийдэх юм билээ. 

 

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10 цагаас үргэлжлэх юм. 

Н.Энхлэн

 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Бат:
ИХ хурлын суудал ямар үнэ цэнэтэй болохыг л илэрхийлж байна шүү дээ тухайн үедээ яаж ийгээд суудалд хүрэх
2019-08-30