Хонгконг: Армийн машинууд хотод орж ирсэн нь сануулах дохио гэж Парламент үзжээ

Хятадын Ардын чөлөөлөх арми пүрэв гаригийн өглөө Хонгконг дахь цэрэг офицерүүдийн ээлж солих ажил эхлүүлсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ ажиллагаа нь тогтмол явагддаг бөгөөд Хонгконгод байрлах Ардын чөлөөлөх армийн баазын бие бүрэлдэхүүнийг 22 дахь удаагаа сэлгэж байгаа нь энэ гэнэ. Мөн энэ өдөр Макао дахь цэргийн ээлж солих ажил эхэлжээ.
Харин энэ ажиллагааны хүрээнд өнгөрсөн шөнө Хонгконгийн гудамжаар цэргийн машинууд орж ирснийг Бээжингийн зүгээс эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдод өгч буй нэг төрлийн сануулга гэж Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн гишүүн үзсэн байна.
Иргэний намаас хууль тогтоох зөвлөлд сонгогдсон Деннис Квок орон нутгийн радиод ярилцлага өгөхдөө “”Өнөөдөр нөхцөл байдал ийм эмзэг байхад энэ нь ердөө л нэг цэргийн ээлж солилцох ажиллагаа гэдэгт би итгэхгүй байна. Энэ бол Хонгконгийн иргэдэд цэрэг оруулах боломжтой гэдгийг ойлгуулах эсвэл сэрэмжлүүлэх гэсэн Ардын Чөлөөлөх армийн зорилго чиглэлтэй сануулга” хэмээн онцолжээ.
Түүнчлэн Хонгконгийн эсэргүүцлийг дарахын тулд зэвсэгт хүчнийг ашиглавал энэ хотын хувьд “сүйрэл болно” гэж тэрбээр өгүүлсэн байна.
Энд дуулгахад, зургаадугаар сараас эхлэн, улмаар эмх замбараагүй байдал үе үе үүсгэх болсон Хонгконгийн эсэргүүцлийг цэргийн нэгтгэл, хуягт техникээр дарах үүднээс Хонгконгтой хил залгаа Шэньжэнд цэрэг, цэргийн техник төвлөрүүлсэн гэх яриа сүүлийн үед эрчимтэй тархах болсон юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ