Пакистан цөмийн цэнэг тээвэрлэх боломжтой баллистик пуужин туршжээ 
2019-08-29

Пакистан улс пүрэв гаригт шилжих шөнө бага тусгалтай “Газнави” баллистик пуужин туршсан талаар тус улсын БХЯ мэдэгдснийг Риа новости дамжууллаа. 


“Газар-газар” ангиллын энэ пуужин нь энгийн болон цөмийн хошуу тээвэрлэх боломжтойн дээр 290 км хүртэлх зайд бай онох чадвартай аж. 


“Газнави” пуужин нь “Хатф” цуврал пуужингийн тоонд багтдаг бөгөөд энэ цувралыг 1980-аад оны дунд үеэс эхлэн боловсруулж байгаа юм байна. Энэ удаад Пакистан газар нутгийн маргаантай Кашмир мужийг тойрсон Пакистан, Энэтхэгийн хурцадмал байдал үргэлжилж байх үед пуужин туршсан нь олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. 


Эргэн сануулахад, наймдугаар сарын тавны өдөр Энэтхэгийн эрх баригчид Жамму болон Кашмир мужид шууд холбооны удирдлага тогтоон, бүс нутгийн онцгой статусыг цуцалсаны улмаас хоёр талын харилцаа хурцдаж, талууд хил дээрээ цэрэг техник татан, энэ долоо хоногт гэхэд л Капистан агаарын хилээ хаана хэмээн сүрдүүлсэн юм. Өмнө нь энэ хоёр улс Кашмираас болж гурвантаа дайтаж байв. 


Энэтхэг улс Британийн колони байх үед мусульманы бүс нутгууд Пакистан гэсэн тусгаар улс байгуулсны дараа Жамму болон Кашмир мусульманчууд дийлэнх нь байдаг Энэтхэгийн цорын ганц муж болон үлдсэн юм. Энэ бүс нутагт салан тусгаарлагчид идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэднийг Пакистаны эрх баригчид дэмждэг гэж Энэтхэг буруутгадаг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин