Хилс хэргээр 35 жил хоригдсон эмэгтэй 3 сая ам.доллар авахаар болжээ

Америкийн Невада мужийн оршин суугч эмэгтэйд хилс хэргээр 35 жил хоригдсных нь нөхөн төлбөр болгон гурван сая ам.доллар төлөх шийдвэрийг шүүх гаргасан тухай Daily Mail мэдээллээ.
1980 онд 29 настай Кэти Вудсыг 19 настай оюутан Мишель Митчеллийг хөнөөсөн хэргээр 35 жил хорих ял шийтгэсэн байна. Энэ хэрэг 1976 онд үйлдэгдсэн гэх бөгөөд Кэти Вудсыг ялласан тогтоолыг Невадагийн дээд шүүх цуцалсан ч 1984 онд дахин яллажээ.
Кэти Вудс хэрэг гарах үед уушийн газарт ажилладаг байсан бөгөөд энэ газарт хүн амины хэрэг гарснаар 29 настай Кэтиг сэжигтнээр татсан байна. Улмаар хилс хэргээр гүтгэгдсэн Вудсын буруугүйг хэрэг үйлдэгдэх үед гараагүй байсан ДНК шинжилгээний орчин үеийн технологийн ачаар эд мөрийн баримтад дахин шинжилгээ хийсний дүнд тогтоожээ.
Давтан шинжилгээ хийсний дүнд оюутан бүсгүйг хөнөөсөн жинхэнэ алуурчин нь таван эмэгтэйг хүчирхийлж, хөнөөсөн цуврал алуурчин Родни Холбауэр байсан нь тогтоогдсон бөгөөд өнгөрсөн жил түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна.
Хилс хэргээр олон жил хоригдсон Вудсыг 1979 онд сэтгэчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь хэрэг хүлээсэн мэдүүлэг өгөхийг шаардаж шахсан хууль сахиулах ажилтнууд болон Рено хотын захиргаанаас нэмэлт нөхөн төлбөр шаардахаар зэхэж байгаа талаар Вудсын өмгөөлөгч ярьжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ