Ослын улмаас 35 хүн гэмтэж, зургаан хүн нас баржээ
8-30
Гэрэл зургийг MPA.mn

 

2019.08.26-29-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1243 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 892 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 35 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

 

Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд гэмтэж бэртэж, 4 явган зорчигч, 4 зорчигч, 1 унадаг дугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан бол явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон хүүхдүүд  бүгд гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд оржээ.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2019.08.27-ны өглөө 07.30 цагийн үед Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 1-р баг “Шарга” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 20км/ асфальтан замд “Ssangyong Istana А жолоочтой автомашин  онхолдож зорчигч 13 настай, эрэгтэй А нас барсан

 

2019.08.28-ны өдрийн 14:55 цагийн орчимд СХД-н 21 дүгээр хороо  Батсүмбэрийн зам, Рашаант өртөөний буудалд Toyota Landcruiser-200 маркийн автомашины жолооч Э нь Toyota Prius М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 5 настай, эмэгтэй Г, 2 настай, эмэгтэй Э, 13 настай, эмэгтэй Э нарын 3 хүүхэд гэмтсэн.

 

2019.08.28-ны 00.10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сум 3-р баг “Хоёр даваа” гэх газар /сумын төвөөс урагш 16км/ шороон замд улсын дугааргүй Beiben Track маркийн Ц жолоочтой автомашин хүч алдаж, хойш өнхөрч ард нь явсан Hyundai Universe Б жолоочтой автобусыг мөргөж, зорчигч 33 настай, эрэгтэй О нас барж, зорчигч 20 настай эмэгтэй гэмтсэн.

 

2019.08.29-ний өдрийн 04 цаг 24 минутын орчим СБД-н 1 дүгээр хороо Сөүлийн гудамж, “Өгөөж” ХХК-ийн урд замд Toyota Prius автомашины жолооч Б нь Hyundai Porter маркийн  Ч жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 23 настай, эрэгтэй Б, зорчигч 28 настай, эрэгтэй Д, 27 настай, эрэгтэй М, 24 настай, эрэгтэй П  нарын 4 хүн гэмтсэн. Автомашины жолооч Б болон Ч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон байна.

 

2019.08.29-ний өдрийн 03 цагийн орчимд  БЗД-12  дугаар хороо Дүнжингаравын зам, “Неман” констракшны урд замд  Subаru Impreza автомашины жолооч А нь явган зорчигч 25 настай, эмэгтэй У, 24 настай, эмэгтэй А, нарын 2 хүнийг мөргөж амь насыг нь хохироож, уг автомашин нь онхолдож жолооч 22 настай, эрэгтэй А нас барсан

 

2019.08.29-ний өдрийн 13 цагийн орчимд Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг “Цахиуртын ар” гэх газар /аймгийн төвөөс урагшаа 15км/ асфальтан замд Hyundai Santa FE  маркийн Г жолоочтой автомашин онхолдож, жолооч 57 настай, эрэгэй Г нас барсан

 

2019.08.29-ний өдрийн 12.30 цагийн орчимд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг “Халзангийн даваа” гэх газар /сумын төвөөс баруун 30км/ шороон замд Sinotruk маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 43настай, эрэгтэй Б нас барсан

 

Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж  гэмтээх хэлбэрээр 18, мөргөлдөх хэлбэрээр 4, онхолдох хэлбэрээр 2 тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 3,6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,2 хувиар, гэмтсэн хүний тоо 40 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан  хүний тоо 20  хувиар өссөн байна.

 

Сургууль, цэцэрлэгийн зуны амралт дуусаж нийслэл хотын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул  эцэг, эх та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд бие даан оролцуулахгүй байхыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Энэ Тээврийн цагдаа АЯН гэж бөөн сүржин сурталчилгаа хийхээс өөрөөр жинхэнэ ажлаа хиймээр байна шүү.
2019-09-01