Хонгконг: Хориглосон ч эсэргүүцэв 
2019-09-02

Өнгөрсөн зунаас эхлэсэн Хонгконгийн эсэргүүцлийн давалгаа улам бүр хүчээ авсаар байна. Амралтын өдөр бүр зохион байгуулагдаж байгаа эсэргүүцлийн арга хэмжээг наймдугаар сарын 31, есдүгээр сарын нэгний өдөр зохион байгуулахыг цагдаагийнхан зөвшөөрөөгүй ч хонгконгчууд эсэргүүцлийн жагсаалаа урьдын адил зохион байгуулжээ. 


Есдүгээр сарын нэгний ням гаригт эсэргүүцлийн арга хэмжээний оролцогчид Хонгконгийн олон улсын нисэх буудлыг бүслэхээр оролдсон байна. Үүний улмаас олон нислэг цуцлагдсан гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ. 


Олон улсын нисэх буудал руу хүрэх метроны хэвийн ажиллагаа алдагдаж,  онгоцны зорчигчид явганаар нисэх буудлыг зорьсны улмаас хоцорсон байна. Эсэргүүцлийн ажиллагааны оролцогчид хар хувцас өмсө, нисэх буудлын орох хаалганууд дээр тээшний тэргээр хаалт үүсгэн, ажиглалтын камеруудыг хагалжээ. 


Ням гаригийн оройн байдлаар Хонгконгоос хөөрөх 26 нислэг, энэ хот руу ирэх 17 нислэг цуцлагдсан байна. 


Есдүгээр сарын нэгний үдээс хойш эсэргүүцэгчдийн зарим нь нисэх буудлыг чөлөөлсөн бол нөгөө хэсэг нь Тунг Чунг дүүргийн төмөр замын өртөөний ажилд саад болж, энэ өртөө рүү хүрэх хоёр гудамжинд хаалт босгожээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин