БНАСАУ-ын төлөөлөгчид Дорнодын Эдийн засгийн форумд оролцоно 
2019-09-02

БНАСАУ-ын сайд нарын танхимын орлогч дарга Ли Рён Нам тэргүүлсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн баг Дорнодын эдийн засгийн форумд оролцохоор Владивосток руу ниссэн талаар Пхеньян дахь ОХУ-ын ЭСЯ мэдээллээ. 


“Есдүгээр сарын хоёрны өдөр элчин сайд Александр Мацегора Сунан олон улсын нисэх буудлаас V Дорнодын эдийн засгийн форумд оролцох, БНАСАУ-ын сайд нарын танхимын орлогч дарга Ли Рён Нам тэргүүтэй төлөөлөгчдийг үдлээ. Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад эдийн засгийн орлогч сайд Ли Гван Гын, ГХЯ-ны Европын нэгдүгээр департаментын орлогч захирал Ким Ён Хо болон бусад албаны этгээдүүд багтаж байна” хэмээн ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ. 


Хойд Солонгосын төлөөлөгчид форумын арга хэмжээнд оролцохоос гадна Приморск хязгаарын захирагчтай уулзан, есдүгээр сарын тавны өдөр Алс Дорнодын хөгжлийн сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга нартай уулзах юм байна. 


Энд дуулгахад, Дорнодын эдийн засгийн форум есдүгээр сарын 4-6-ны хооронд Владивосток хотод тав дахь удаагаа зохион байгуулагдах юм. Дэлхийн 60 гаруй орны төлөөлөгчид оролцдог энэ форумд 2019 онд анх удаа Индонез, Малайз улсуудын төлөөлөгчид оролцохоор болжээ. 


Энэ жил зочдын зарим хэсгийг  Costa Venezia усан онгоцонд байрлуулах гэнэ. Costa Venezia хөлөг онгоц нь энэ оны гуравдугаар сард ашиглалтад орсон, 324 метр урттай, 37 метр өргөнтэй, 2116 тасалгаатай бөгөөд нийтдээ 5000 гаруй хүн багтаах боломжтой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин