Ким Жон Ун: Шинжлэх ухаан, техникийн боловсрол БНАСАУ-ын зүтгүүр

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун шинжлэх ухаан техникийн боловсролын чухлыг цохон тэмдэглэж, түүнийг улс орных нь эдийн засгийн зүтгүүр хэмээн Пхеньянд болж буй багш нарын үндэсний бага хуралд оролцогчдод хандсан илгээлтдээ онцолжээ.
“Шинжлэх ухаан ба технологи нь улс орны эдийн засгийн хөгжлийг хөдөлгөдөг, улс орны хүчин чадлыг харуулсан гол шалгуур болох зүтгүүр бөгөөд шинжлэх ухаан, технологи нь өөрөө боловсрол дээр суурилдаг. Улс орнуудын хоорондын өрсөлдөөн шинжлэх ухаан, технологийн салбар, боловсролын салбар дахь өрсөлдөөн, авьяаслаг чадалтай мэргэжилтнүүдтэй байхын төлөөх өрсөлдөөн болон хувирч байгаа бөгөөд энэхүү өрсөлдөөн нүдэнд үл харагдах дайн шиг улам хүчтэй үргэлжилж байна” хэмээн Ким Жон Ун илтгэлдээ онцолжээ.
Түүнчлэн Ким Жон Ун улс орныхоо боловсролын салбарыг богино хугацаанд тэргүүлэгч орнуудын түвшинд хүргэхийн тулд “эрс шийдэмгий эргэлт” хийх зорилт тавьж байгаагаа илэрхийлсэн байна.
Энд дуулгахад, шинэ хичээлийн жилд Хойд Солонгост шинжлэх ухаан, техниктэй холбоотой 85 мэргэжлээр элсэлт авчээ. Шинэ мэргэжилтнүүд бэлтгэх тэнхимүүд улс орон даяар, 37 их дээд сургуульд нээгдсэн бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээллийн аюулгүй байдал, нанотехнологи болон робот техникийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд энэ улс онцгой анхаарал хандуулж байгаа аж. Нодон синмүн сонины мэдээлснээр, ахлах ангийн сурагчид мэдээллийн технологи гүнзгийрүүлэн үзэх 11 сургуулийг нэмж байгуулсан байна.
Түүнчлэн, Хойд Солонгосын эрх баригчид боловсролд хэрхэн ач холбогдол өгч байгаа нь Үндсэн хуульд оруулсан нэмэлтээс шууд харагдана. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард БНАСАУ-ын Үндсэн хуульд “шинжлэх ухаан, технологийн салбарын мэдлэг эзэмших нь үндэстний нэн чухал стратегийн нөөц мөн” гэсэн нэмэлтийг оруулсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ