Сэрэмжлүүлэг: Ой таван сартай хүүхэд нүхэн жорлонд унаж нас баржээ

Сүүлийн үед бага насны хүүхдүүд нүхэн жорлонд унаж нас барах харамсалтай тохиолдол цөөнгүй харах болжээ.
Тухайлбал өчигдөр /2019.09.03/ ой таван настай хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан байна. Цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд модон жорлонд унаж нас барлаа" гэсэн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 18.45 минутад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус хороонд оршин суух хаягтай 1.5 настай хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан байжээ.
Өмнө нь өнгөрөгч зургадугаар сард /2019.06.06/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хүү Б /2 настай, эрэгтэй/ 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.
Түүнчлэн өнгөрөгч долоодугаар сард Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонд унаж нас барсан.
Урин дулаан цагт айлууд цонх, тагтаа онгорхой орхих, эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулсны улмаар бага насны хүүхэд өндрөөс унах, нүхэнд ойчих зэргээр амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас улбаалан үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал буурахгүй байна.
Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, харгалзахгүй хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх, үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ