АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрээ ирэх сард үргэлжлүүлнэ  
2019-09-05

Америк, Хятадын ээлжит, 13 дахь удаагийн хэлэлцээр өмнө нь таамаглаж байсанчлан энэ сард биш харин 10 дугаар сард Вашингтонд болно гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдлээ. 


Энэ талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ болон АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нар утсаар ярилцан тохиролцсон бөгөөд энэ ярианд Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер оролцсон гэж ВВС мэдээллээ. 


Эх сурвалжийн дамжуулснаар, талууд нягт хамтын ажиллагааг дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн байна. Есдүгээр сарын дунд үеэс “дээд түвшний уулзалтын шаардлагатай нөхцлүүдийг бэлтгэх үүрэгтэй ажлын хэсгүүдийн түвшинд маргаантай асуудлуудыг хэлэлцэж эхлэх” аж. 


“Дараагийн хэлэлцээр хийхийн тулд бодит алхмуудыг хийх ёстой гэж хоёр тал үзэж байгаа” хэмээн Хятадын Худалдааны яам мэдэгдсэн байна. 


Эргэн сануулахад, АНУ, Хятадын худалдааны дайн дэлхий нийтийн анхаарлын төвд орсон төдийгүй санхүүгийн зах зээлүүдэд нөлөөлөөд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Худалдааны дайн эхлэх болсон шалтгаан нь Америк Хятадыг оюуны өмч, технологи хулгайлсан гэж буруутгасантай холбоотой. Улмаар  тавдугаар сарын 10-наас эхлэн АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг нэмэгдүүлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Дональд Трамп дахин 300 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг даалгасан. Энэ нь Хятад улс өмнө нь худалдааны асуудлаар зөвшилцсөн хэлэлцээрээсээ ухарч байгаатай холбоотой гэж АНУ тайлбарласан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин