Тунгалаг дєлгєєн мандалдаа
Туждаа эрхлээд сарыг хонуулж
Танхилхан зуны шєнєєр
Тэр бидэн хоёрыг ширтсэн....Энэ дууг өчигдөрхөн “Ботгон” нуурын захад нутгийн залуутай болзож, борог өвсөн дундуур хөл нүцгэн гүйж явсан хиргүй тунгалаг дурсамжаа хэрэг болгон санаж шимтэн сонссонсон. Харин өнөөдөр Өмнөговийн замыг, гэнэтхэн зам хөдлөн гараад ирсэн хоёр тэмээг ч зүхмээр болж сэтгэл баахан гунигтай сонсож сууна.
Тэр гялалзсан тод од байгаагүй ч дуулсан дуу бүхнээ сэтгэлд хүргэж чаддаг үнэ цэнэтэй уран бүтээлч байлаа. Үүний нэг жишээ нь “Тогоруутай нуур”.
2000 оны эхээр нийтийн дууч Болдбаатар, Отгонгэрэл нар “Тогоруутай нуур” хэмээх дууг анхлан дуулж олон нийтийн хүртээл болгосон нь тухайн үед хит болж байсан. Өдгөө мартагдах шахсан энэ сайхан уран бүтээлийг 2019 онд “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүн А.Мөнгөншагай “SBN” телевизээс зохион байгуулсан “VS” нэвтрүүлэгт оролцон дахин “амилуулж” дуулсан нь олон нийтийн сонорыг мялаасан. Энэ дуу угтаа 10 гаруй жилийн дараа дахин хит болсон нь энэ. Түүний донжтой, үнэн дуулалт эрхгүй зүрх гижигдэж сэтгэлийн гал асаах мэт сонсголонтой...
Ингэж “Тогоруутай нуур”-ыг амилуулчихаад өөрөө тэнгэрт хальсанд нь харамсал тээх сонсогчид олон байна. Тэр тогоруудыг дагуулаад алс нисчихлээ. Тэгээд л бид тогоруугүй нууртай гуниг дүүрэн намартай үлдчихэв.
Ослын тухай албаны хүнээс тодруулбал "Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Шар тээг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Ө-гийн эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдож автомашины төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 09.07-ны өдрийн 21:08 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 21:45 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Ө /30 настай, эрэгтэй/, Баянгол дүүгийн 10 дугаар хорооны харьяат иргэн А /33 настай, эрэгтэй/ нар гэмтсэн тул тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн" гэлээ.
“Гурван бүдүүн” хамтлаг “38-тай аав”, “Хүн шиг явж баярлуулъя ээжийгээ”, “Ижийгээ гомдоох учиргүй”, “Аав минь ирж яваа” зэрэг олон сайхан уран бүтээлээр сонсогчдыг байлдан дагуулж байлаа. Харин тус хамтлагийн дуучин А.Мөнгөншагай 2016 онд нэгэн “тэсрэлтийг” хийсэн нь түүний бие даан туурвисан “Гуч гарсан бүсгүй” дуу байв.
“Би бол дуучин Шагай. Яагаав нөгөө “Гурван бүдүүн” хамтлагийн....хэмээн эхлэх тус дууг Youtube сувагт 7 сая хүн тоглуулжээ. Тэр дуу бүрээ өр зүрхнээс мэдэрч дуулдаг нь хүнд хүрч ухаарал, баяр, жаргал нэмдэг байлаа.
Баярлалаа Шагай. Тэнгэрийн оронд даанч яаруу буцсан ч хэзээд сонсоод тайтгарч чадах уран бүтээл үлдээсэнд...Тогоруу дэвсэн цэнхэр дээлтэй туждаа инээмсэглэсэн төрхтэй бичлэгийг тань хэдэнтээ тоглуулж дуулсаар, уярсаар, ухаарсаар байх болно.
Ум сайн амгалан болтугай.