“Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууслаа
9-9

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын десант буусныг та бүхэн санаж буй биз. Тухайн өдрийн өглөө нь Засгийн газар хуралдаж, “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох тухай шийдвэр гаргасан. Энэ тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд мэдэгдэж, үдээс хойш нь “Эрдэнэт”-ийг зорьсон. Том хар жийп хөлөглөн цуваа үүсгэсэн сайд, дарга нар “Эрдэнэт” үйлдвэрт очиж, есөн албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжилж байв. Нэг тушаалаар “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хангамжийн хэлтэс, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн “түүхтэй”.

 

 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрт тогтоосон зургаан сарын хугацаатай онцгой дэглэмийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дууслаа. Өнгөрсөн баасан гаригт хугацаа нь дуусгавар болсон онцгой дэглэмийн талаар Засгийн газар одоогоор дуугараагүй байна. Зургаан сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа хэвийн болж, сайжирсан бол онцгой дэглэмийг цуцална. Харин онцгой дэглэмийг сунгах эрх УИХ-д бий.

 

УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг ТӨҮГ болгож, дүрмийг нь баталсан. Үргэлжлүүлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг улираан томилсон билээ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тушаал гаргаж, дөрвөн орлогч захирлаа томилж, өөрийн багаа бүрдүүлсэн. Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарыг томилсон юм.

 

Ямартай ч онцгой дэглэмийн үед Эрдэнэт үйлдвэрийн орон тоо, бүтэц бүрэлдэхүүн тодорхой болов. Одоо хамгийн чухал асуудал санхүү-хөрөнгө мөнгөний асуудал хэрхэн цэгцэрсэн вэ? Энэ асуудлаас онцгой дэглэмийн хугацааг сунгах, эс сунгах нь шалтгаалах биз ээ.  

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Gok:
Yag heveeree Shahaa, Tender Luivar
2019-09-09