З.Энхболд: Арчаагүй парламенттай байснаас ард түмнээсээ асууж сонгоё

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийж дуусгавар болгосон. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ард нийтийн санал асуулга явуулах төслийг хэлэлцсэн юм. Үүнтэй зэрэгцэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барьсанаа татан авч байгаагаа мэдэгдэж, Ард нийтийн санал асуулга явуулах төслийг өргөн барьсан юм. ЕТГ-ын дарга З.Энхболд уг хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсаны дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс ямар заалтууд дэмжигдсэн бэ?
-Ерөнхийлөгчийн саналыг саналын түвшинд харгалзаж үзээд баталсан. Одоо дэмжигдсэн долоон санал бол цаашдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болоод явна. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал өгсөн болохоос биш бие даасан төсөл өргөн бариагүй. Бие даасан төслийг хэлэлцэж болохгүй. Ерөнхийлөгчийн оруулсан саналуудаас дэмжигдсэн заалтууд бол зургаадугаар зүйлийн 2-т оруулсан байгалийн баялагтай холбоотой “төрийн өмч гэж байсныг нийтийн өмч” гэж өөрчилсөн. Мөн намын дэгжигчдийн тоог “сонгуулийн эрх бүхий дэмжигчдийн 2.5 хувь” гэснийг “нэг хувь” болгож намын гишүүдийн тоог бууруулсан. Мөн намын хөрөнгө санхүү ил тод байна гэсэн санал нь дэмжигдсэн. Гуравдугаарт 25 дугаар зүйлийн 1.16 дээр “тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох” тухай заалт дэмжигдсэн. Дөрөвдүгээрт, Шүүхийн тогтолцоонд тойргийн зарчим байна гэдэг дэмжигдсэн. Мөн шүүгчийн Сахилгын хороог байгуулах тухай заалт үг үсгээрээ орсон. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг заавал харгалзаж үзнэ гэсэн эдгээр санал дэмжигдсэн. Энэ бүх саналууд үлдээд явна. Харин УИХ-аар авч хэлэлцээгүй Ерөнхийлөгчийн бусад саналуудыг татаж авч байгаа.
-Ерөнхийлөгч төсөл дэх дэмжигдээгүй заалтаа татаж авсан гэж ойлгож болох уу?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн 80 хувь нь хасагдсан, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслийн 80 хувь нь дэмжигдсэн. УИХ Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг батлах бүрэн эрхтэй. АН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцохгүй гэдгээ дөнгөж сая хэлсэн. Ерөнхийлөгч оролцохгүй. Одоо цэвэр МАН-ын хэрэг болсон. Удахгүй УИХ-д суудалтай бусад нам болох МАХН ч юм уу байр сууриа илэрхийлэх байх. Энэ бол зөвхөн УИХ-ын 62 гишүүний боловсруулсан өөрчлөлт болоод үлдэх ёстой юм.
-Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн засаглалтай болгохыг ард түмэн дэмжвэл яах вэ?
-Шинэ Үндсэн хуулийг дараагийн УИХ боловсруулж, нийт иргэдээрээ хэлэлцүүлж байж батална. Энэ өөрчлөлт олон жил яригдлаа. Ерөнхийлөгч наадмын маргааш буюу долдугаар сарын 16-нд санал, төслөө өргөн барихдаа УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд ололттой заалтууд байна. Гэхдээ орхигдсон заалтуудыг өргөн барьсан. Тухайлбал, хотыг засаг захиргаа нэгжийн хувьд адилхан авч үздэг асуудал хэсэгчлэн суусан. Засаг захиргааны бүх эрх хотод ирэхгүй гэхдээ нэлээд олон ололтой талууд бий. Засгийн газрын дөрвөн жил тогтвортой ажиллуулах боломжийг хангаж өгөхгүй байна гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч өөрөө гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг энэ системийг нэвтрүүлэхгүй бол болохгүй нь гэж үзсэн.
Ерөнхийлөгчийн зүгээс хуучин Үндсэн хуулиа засах гээд үзлээ, болсонгүй. Тэгвэл шинэ Үндсэн хуулийн тухай ярихаас төөр аргагүй болж байна. Засгийн эрх мэдэлд ард түмний гарт байна гэж Үндсэн хуульд заасны дагуу нэг л удаа ард түмнээсээ асуучих. Ерөнхий сайдаа жил болгон огцордоггүй болгоё гэж байгаа бол ард түмнээсээ сонгуулъя. Ард түмнээсээ мандатаа авсан бол дундаасаа шүүх засаглалаа гаргадаг жишиг дэлхий дээр сайн ажиллаж байна. Санал асуулгаар 30 тэрбум төгрөг зарцуулаад 62 гишүүний нэмэлт, өөрчлөлтийг батална. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ, парламентын засаглалыг дэмжинэ гэдэг шийд гарна. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжинэ гэвэл цоо шинэ Үндсэн хуулийн төслийг дараагийн УИХ батлаад, баталсан даруйдаа тараад дараагийн парламент ажлаа хийх боломж олгох юм.
-Яагаад одоогийн Үндсэн хуулиа өөрчлөх гээд байгаа юм бэ?
-Одоогийн Үндсэн хууль Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдээд явж байвал болно. Гэтэл УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь буюу 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, энэ Үндсэн хууль болохгүй байна, гүйцэтгэх засаглалаа бэхжүүлье, парламентынхаа засаглалыг хадгалъя гэлээ. Тэгэхээр нь Ерөнхийлөгч тэгье, гээд төсөл өргөн барьсан. Гэтэл ЖДҮХС-аас зээл авсан 40 гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй ийм арчаагүй парламенттай байснаас ард түмнээсээ асууж сонгоё гэж байна. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байдаг юм бол ард түмнээсээ асууя гэсэн.
-Ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн асуултыг хамтад нь оруулъя гэхэд хуулийн зөрчил үүсэх үү?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль бол ердийн нэг хууль. Дэгийн тухай хуульд болохоос биш Үндсэн хууль өөрөө биш. Одоо бид хэлбэр, агуулгаа ялгах хэрэгтэй. Болохгүй гэдэг хязгаарлалт хаана ч байхгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ