Баатраас дарангуйлагч болж хувирсан Мугабе 
2019-09-10

 

Есдүгээр сарын зургааны өдөр Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабе таалал төгссөн. Харин ирэх бямба гариг буюу есдүгээр сарын 14-ний өдөр Зимбабвегийн Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнд Роберт Мугабетэй салах ёс гүйцэтгэх албан ёсны төрийн ёслол болох гэнэ. Улмаар салах ёс гүйцэтгэсний дараа, есдүгээр сарын 15-ны ням гаригт нутаглуулах аж. 


Одоогоор Ерөнхийлөгч асныг оршуулах газрыг тогтоогоогүй, эрх баригчид “Үндэсний баатруудын хаалга” нэрээр алдартай, Харара дахь оршуулгын газар оршуулахыг санал болгож байгаа бол Мугабегийн төрөл төрөгсөд нь нийслэлээс 85 км зайд орших, төрөлх тосгон Кутамад оршуулна гэж зүтгэж байгаа гэх. 


Түүнийг дэлхий дахинаа аймшигт, цуст дарангуйлагч гэж нэрлэх нь түгээмэл. Тэр хэн байв? 


Зимбабвег колончлолоос чөлөөлж, дараа нь улсаа сүйрэл рүү аваачсан, баатар байгаад дарангуйлагч болсон, сэхээтэн хэмжээлшгүй мэдэлт захирагч гэж Мугабег дэлхий даяар янз бүрээр л дурсдаг. 


1980 -2017 оны хооронд бараг 40 жил Зимбабвег захирсан Мугабег Сингапурт өвчний улмаас 95насандаа таалал төгссөн талаар тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгдэхдээ түүнийг “үндэслэгч эцэг” хэмээн нэрлэсэн юм.


ЧӨЛӨӨЛӨГЧ МУГАБЕ 


Роберт Мугабе 1924 онд Өмнөд Родезид (Британийн бүрэлдэхүүнд байхдаа Зимбабве ийм нэртэй байсан) тариачны гр бүлд төржээ. Колончлолын үеийн сонгодог боловсрол эзэмшсэн тэрээр 1940-1950 онуудад Гана, Замби улсад багшлан, тэндээ Африкийг чөлөөлөх үзэл бодол нэгт хүмүүстэй танилцсан гэдэг.


Тэрбээр 1964 онд Зимбабвед тусгаар тогтнолын төлөөх кампанит ажил эхлүүлсэн ч 10 жилийн хорих ял сонсов. Гэсэн ч хоригдох хугацаандаа улс төрийн үйл ажиллагаагаа зогсоосонгүй, харин 1974 онд хөрш Мозамбикт Зимбабвегийн Партизаны Африкийн үндэсний зөвлөлийг тэргүүлж, цагаан арьстнуудын ноёрхлын эсрэг зэвсэгт тэмцэлд нэгджээ. 


Тэмцэл 1980 онд амжилттайгаар өндөрлөв. Зимбабве тусгаар улс болж, Мугабе ернхий сайд нь боллоо. Цагаан арьстнууд тус улсад өмч хөрөнгөө хадгалж үлдсэн ч давуу эрхтэй төлөөллөө алдав. Мугабег сонгуульд ялна гэж хэн ч төсөөлсөнгүй. Харин түүний холбоотон, Зимбабвегийн Африкийн ард түмний марксист-ленист зөвлөлийн тэргүүн Жошуа Нкомо ялах магадлалтай байлаа. Нкомо тэр үед Дотоод хэргийн сайд болжээ. 


Холбоотон нь өөрийнх нь өрсөлдөгч болмогц Мугабе улс төрчийн хувьд анхны хар толбоо үйлдсэн байна. Тэрбээр Нкомог цөлж, түүнийг дэмжигчдийг үй олноор хөнөөв. Мугабе Хойд Солонгосоос цэргийн зааварлагчид авчирж, тэдгээр нь маш богино хугацаанд үндэсний бригад бэлтгэсэн бөгөөд энэ бригад нь Матабелелэндэд Зимбабвегийн Африкийн ард түмний марксист-ленист зөвлөлийн дэмжигчдийг үй олноор нь хөнөөжээ. Өөр өөр эх сурвалжуудын мэдээлдгээр, 1982 онд 30 000-100 000 хүн хөнөөгджээ. Энэ Зөвлөл ЗХУ-ыг дэмждэг байсан тул энэ хоморголсон аллагыг Барууныхан нүдээ аниад өнгөрөөсөн гэдэг. 


ДАРАНГУЙЛАГЧ МУГАБЕ  


Өрсөлдөгчөөсөө салсан Мугабе 1987 оноос Ерөнхийлөгч болж, аажмаар авторитар нэгэн болж байв. Түүнийг 15 жил Зимбабвег тэргүүлэхэд популизм, төрийн зардал өссөн, ерөнхийлөгчийн хүрээллийнхний авлига зэргийг үл харгалзвал  тус улсын хувьд тогтвортой, муугүй хөгжилтэй байсан гэдэг.  Энэ нь 1990-ээд оны дунд үеэс Мугабе конголезийн дайнд орж, улс оронд нь сөрөг хүчний Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн гарч ирэх хүртэл үргэлжилжээ. 


Мугабе “төрийн дайсан” гэж үздэг байсан цагаан арьст фермерүүд сөрөг хүчнийг дэмждэг байв. 2000 онд эрх баригчид цагаан арьстнуудаас газрыг нь хүчээр булаан авч, дараа нь тэднийг улсаасаа хөөв.  Ингэснээр тус улсын экспортын эдийн засаг тасалдаж, гадаад орнууд хориг арга хэмжээ тавин, алдаа дутагдлаа Мугабе мөнгө хэвлэн засах гэж оролдлоо. 


2007 он гэхэд л нэгэнтээ давгүй сайхан амьдралтай байсан Зимбабвегийн 12 сая иргэний 10 сая нь нэн ядуу амьдрах болсон бол 2008 оны хямралаар эдийн засаг нь нэг мөр сүйрч, инфляци 79 тэрбумд хүрчээ. Мөнгө цаг өнгөрөх бүрт л үнэгүйдэж байв. Жишээлэхэд, 2008 оны зун, нэгэн өглөө нэг лааз пиво 100 тэрбум зимбабве доллар байсан бол үдэш гэхэд 160 тэрбумд хүрч байсан гэдэг.  Ийнхүү мөнгө цаас болсон тул 2009 оноос Зимбабве үндэсний валютаа хэрэглэхээ болив. 

 

 

Эцсийн мөч хүртэл улсынаа хөдөө нутгийн оршин суугчдаас дэмжлэг авч байсан Мугабегийн засаглалыг эдийн засгийн асуудлууд унагаагүй юм. 2017 онд суудлаасаа түлхэгдсэн нь нутгийн элитүүдийн хоорондын хагарал байлаа. Мугабегийн залгамжлагч , матар хочит Эмерсон Мнангагвуг дэмждэг цэргийнхэн төрийн эргэлт хийсэн бол үүний дараа олон нийтийг хамарсан эсэргүүцэл гарсан юм. Мугабегийн эхнэрийн шахалтаар генерал бүхий л албан тушаалаасаа халагдаж, цагаачлав. Цэргийн ахмад үеийнхэн үүнийг өөрсдийнх нь байр суурь руу халдсан хэмээн үзжээ. 


Мугабег түлхэн унагахдаа их л “зөөлхнөөр газардуулсан” гэхэд болно. Түүнийг хуулиар хамгаалж, 5 сая ам.доллар өгсөн бөгөөд бүх насаар нь сар бүр 150 мянган ам.долларын тэтгэвэр өгөхөөр шийдвэрлэж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин