Хотын "өмхий" үнэрийг 9-10 дахин буурах байгууламжийг нээв
2019-09-10

 

Олон жил хуримтлагдсан лагийн үнэр Нийслэл даяар үнэртэж иргэдийг тавгүйтүүлэх болсон. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр өдөр тутам ирж буй 1200 метр куб лаг тав дахин багасч иргэдийг бухимдуулж буй асуудал шийдэгдэнэ гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл өчигдөр /2019.09.09/ Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол боллоо. 

 

Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” арга хэмжээг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ажлын хүрээнд хоногт 2500 м3 лаг усгүйжүүлэх байгууламжийг шинээр барьжээ.


Төв цэвэрлэх байгууламж хоногт 1000-1200 шоо метр нойтон лаг буюу /10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний/ лагийг ил талбайд усгүйжүүлж хатаах зорилгоор асгадаг байсан. Ийм байдлаар сүүлийн 55 жил 900 мянган шоо метр лаг хуримтлагдаж, ачааллаа дийлэхгүй болж, байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр иржээ.

 

Тэгвэл лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсноор түүхий лагийг 75 хувь усгүйжүүлж, үнэрийг тав дахин багасгаж хорт нөхцөлийг багасгаж талбайд асгадаг болжээ.  Энэхүү байгууламж нь хоногт 1000 м3 идэвхит лаг, 1500 м3 түүхий лагийг усгүйжүүлэх хүчин чадалтай. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад нь ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд нь барьцалдуулах зорилгоор ПАМ /полиакриламид/, лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК /полиалюминумхлорид/ төрлийн бодис ашиглаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Лаг усгүйжүүлэх байгууламжийн ажиллах горим нь түүхий лаг нэг саванд ирж түүнээсээ лаг, ус хоёрыг салгаж хоёр тийш нь дамжуулдаг байна. Ийнхүү таван дамжлагаар явж хоруу чанар, үнэр нь багасч, 20-25 хувийн чийгшилтэй лагийг зөөвөрлөж, лагийн картанд аваачиж асгах үүрэгтэй.

 

Түүхий болон идэвхит лагаас усгүйжүүлэх байгууламжинд хоногт 1200-1400м3 хэмжээтэй лаг ирдэг. Тиймээс өдөрт ирэх лагийг бүрэн хэмжээгээр усгүйжүүлэх боломжтой гэсэн үг. Түүнчлэн лаг усгүйжүүлэх байгууламжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг нь хянах хяналтын хэсэгтэй. Хяналтын хэсэгт лагийн хоруу чанарыг тодорхойлж хэмжих аюулгүй байдлын дохиолол суурьлуулж өгсөн байна. Энэ нь амиак, метан, нүүрс хүчлийн хий, угаар, холорын хий зэрэг хүний эрүүл мэндэд ноцтой аюултай хорт бодисын аюулгүйн нөхцөлийг тодорхойлно. Аюулгүй ажиллагааг хангах үүднээс ямар нэгэн хорт хий алдагдах энгийн орчинд хүний эрүүл мэндэд аюултай байдалд хүрвэл дохиолол ажиллах зориулалттай аж.

 

Лаг усгүйжүүлэх байгууламжийг барих ажлыг “Ай вай и зэт групп” ХХК гүйцэтгэж, Барилгын хөгжлийн төвийн Нийтийн аж ахуйн хэлтсийн инженерүүд хяналт тавьж ажиллаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

“Ай вай и зэт” группийн захирал н.Зоригт “Уг байгууламжийг ашиглалтад оруулаад сүүлийн хоёр сарын хугацаанд туршилт хийгээд ямар нэгэн алдаа дутагдалгүй болохыг нь батлаад өнөөдөр хүлээлгэн өгч байна. 99 хувийн чийгшэлтэй нойтон лагийг 70 хувийн чийгшилтэй хуурай лаг болгон гаргаж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн 4-5 жилийн хугацаанд биологийн аргаар гадаа хатаадаг байсан лагийг технологийн аргаар түргэн хугацаанд хуурай болгож гаргана. Үнэрийн хувьд 9-10 дахин бууруулж байгаа” хэмээлээ.

 

Одоо ажиллаж байгаа төв цэвэрлэх байгууламжид лагийг тогтворжуулах, халдваргүйжүүлэх ажиллагаа хийгддэггүй, түүхий лагийг зөвхөн байгалийн аргаар 3-4 жилийн хугацаанд усгүйжүүлдэг байдлаас орчинд эвгүй үнэр ихээр тархаж, лагийг хүрээлэн буй орчинд ил задгай хаяж байгаа нь аюултай орчныг бүрдүүлж байна. Энэ нь хот орчмын агаарыг ихээхэн хэмжээгээр бохирдуулж, иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг алдагдуулах болсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иймд байгалийн аргаар ил задгай талбайд лагийг усгүйжүүлэн хатаах аргыг халж лагийг усгүйжүүлэх технологи дамжлагыг нэмж, “Лаг усгүйжүүлэх байгууламж”-ийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин