Л.Сарантуяа: Би Уйгараас орогнол хүсээгүй, надад хаанаас ч орогнол хүсэх шаардлага байхгүй
2019-09-08

“Тавилан” романаараа олонд танигдсан зохиолч Л.Сарантуяатай уулзаж ярилцлаа. Тэрбээр “Алтан хэлхээ” романаа дэлгэцийн уран бүтээл болгох гэж буй гэнэ. 

 

 

- Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та саяхан Турк улсаар яваад ирсэн. Ямар ажлаар явсан юм бэ?

 

-Танд болон эрхэмд уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би Туркийн  Истанбул хот руу энэ зун хоёр удаа явлаа. Ингэж явахдаа дандаа л эрэл хайгуулын ажлаар, Уйгар судлалаар голчилж ажилласан гэхэд болно. Би 2012 оноос эхлэн Уйгар судлалын ажлаа эхлүүлсэн юм. Гол нь Истанбул хотод Зендинбург дүүрэг гэж байдаг. Энэ дүүрэгт Уйгар иргэд амьдардаг юм байна. Тэд нарын ахуй соёл, хэл яриа, шашин шүтлэг гээд одоогийн Монгол ахуйтай төстэй юм байна уу, Монгол ахуйгаасаа хэр холдсон байна, харь холын л хүмүүс болж дээ гэсэн байдлаар уулзаж явж байгаад ирлээ.

 

-Энэ судалгааныхаа ажлаар зохиол бүтээл гаргах уу, эсвэл дэлгэцийн бүтээл болох уу?

 

-Уг нь би 2012 оноос “Алтан хэлхээ” нэртэй роман бичиж эхлэсэн юм. Энэ романд маань Монголд 400 жил ноёрхол тогтоож байсан Уйгарын хаант улсын тухай түүхэн сэдвийг хөндөж бичсэн. Энэ түүхэн сэдвээрээ дэлгэцийн уран бүтээл хийх гээд зорьж байна.

 

-Тэгэхээр судалгааны ажилд нь гарч байгаа хүндрэлтэй зүйл юу байна. Уйгар иргэдийн тухай түүх сөхөж уншигчиддаа мэдээлэл өгвөл.

 

-Уйгар гэдэг нь Монгол угсаатан байсан. Гэхдээ энэ олон зуун жилийн туршид Монголоосоо тасраад удсан учраас шашин шүтлэг нь ч өөр болсон. Мусалман шашинтай болсон. Зан заншил аливаа нэгэн юм нь Монголоос тасархай  хол юм шиг мөртлөө идэж ууж байгаа хоол хүнснээсээ эхлээд Монголтой төстэй зүйлүүд  тэнд их байна. Зарим нь ажлын байрныхаа дээд талд хаягаа Уйгаржин Монгол бичгээр бичсэн байхтай олон таарлаа.

 

-Уйгар иргэд Монголын талаар ямар ойлголттой, юу гэж ярьж байх юм

 

-Монгол гарал үүсэлтэй гэж Уйгарчуудыг ярьдаг л даа. Эртний 830 оны үед  хаанчлалаа тогтоохоос өмнө Монгол нутагт оршин сууж байхдаа Уйгарчуудын эмэг эх нь Хүннүгийн хааны охин, гүнжийн хүүхдүүд. Тийм учраас Монгол үндэстэнтэй алтан холбоотой гэж өөрсдийгөө ярих дуртай юм билээ. Истанбулд эрэгтэй, эмэгтэй хоёр удирдагч байна. Учир нь шашинд нь эрэгтэй хүнтэй эрэгтэй хүн л уулзана, эмэгтэй хүнтэй эмэгтэй хүн л уулзана гэж заажээ. Тиймээс эмэгтэй удирдагчтай нь уулзсан. Надтай их ойр дотно уулзаж, харилцаж байгаа. Эрэгтэй удирдагч нь ч гэсэн хүлээж авч уулзсан. Ер нь хэн хэнд нь өөрийн бодож явдаг зүйлээ хэлсэн. “Бид нар Монголоос дэндүү хол тасарчээ. Монгол гэр гэж ямар байдаг билээ. Манай хаант улсыг оршин тогтнож байх үеийн дүр төрх юу байна. тэрийг бидэнд ирүүлнэ үү” гэдэг хүсэлтүүдийг тавьж байсан. Бидний зүгээс Хан Бойлек буюу “Хар балгас”-ын зургийг тэдэнд үзүүлж, Монгол гэрийн сувенир бэлэглэлээ. Монгол ахуй соёлын талаар мөн ярилцсан. Уйгар иргэдийн хувьд бэрхшээл их байна. Зендинбург дүүрэгт байгаа Уйгар иргэд бол хамгаалалттай, аюулгүй Туркед хүүхдүүдэд нь сурдаг, ажилладаг ахуй нөхцлийн тал дээр хэвийн. Гэхдээ өдөр болгон Хятад элчингийн өмнө цуглаан хийх юм. Үндэснийх нь эрх чөлөөний бэлэг тэмдэг болсон цэнхэр алчуур хүзүүндээ зүүгээд очдог. Тэр нь юун тухай цуглаан болохыг асуухад Шинжаанд байгаа Уйгаруудыг Хятадууд үй олноор нь хоридог юм байна. Тэрүүгээр ч тогтохгүй Уйгар гэж үндэстэн ерөөсөө түүхэнд байгаагүй гэсэн мэдээллийг дэлхий нийтэд цацаж, ер нь л энэ үндэстнийг устгах бодлого барьж байх шиг байгаа юм. Яг энэ үеэр нь би Уйгар судлалын ажлаа дэлгэцийн уран бүтээл болгох гэж явж байгаа тааараад энэ хүмүүс маань ч намайг дэмжээд, нөгөө талаасаа ч Уйгар гэж үндэстэн байхгүй дэлхийн түүхээс арчигдах гэж байхад нь Уйгарын хаант улс оршин тогтнож байсан юм, Үндэстэн байтугай улс байсан юм гэдгийг нь гаргаж өгч байгаагаараа тэдэнд бидний хийж байгаа уран бүтээл хэрэгтэй юм шиг байна.

 

- Дэлхий дахинд Уйгар үндэстэн хэрхэн тархан суурьшсан байна вэ?

 

-Дэлхий даяар тархан суурьшсан Уйгар иргэн олон байна. АНУ-д  байдаг юм байна. Ерөнхийдөө дэлхийн өнцөг булан бүрт тархаж суурьшсан, зугтааж явсан ард түмэн юм билээ. Би хоёр эрдэмтэнтэй уулзсан. Тэр хоёр Уйгар эрдэмтэн л дээ. Нэг нь хэлэхдээ “Бид нарын зовж байгаа танай Монголчуудтай холбоотой. 1946 онд Маршал Х.Чойбалсан 750 мянгахан Монголоо авч үлдээд 35 сая Уйгар иргэдийг Хятадад өгсөн. Танай Монголын эрх чөлөө, тусгаар тогтнол бол зовж зүдэрсэн 35 сая Уйгар иргэний нулимсан дээр тогтсон эрх чөлөө байсан шүү. Эргээд сонсож байхад Монголчуудын тухай эвгүй зүйл дуулдах болж, бидний араас орж Хятадын мэдэлд оччихвий гэж бид сэтгэл зовдог. Тийм учраас та нарт эх орноо алдах эрх байхгүй шүү. Маш олон Уйгарчуудын нулимсан дээр танай эрх чөлөө тусгаар тогтнол бий болсон гэдгийг санаж яваарай гэж залуучууддаа хэлээрэй гэсэн. Энэ завшааныг ашиглаад бас энэ үгийг дамжуулах нь зөв байх. Нөгөө нэг эрдэмтэн нь мөнгөтэй их баян хүн гэнэ. Гэхдээ тэр хүн юу гэж хэлж байна вэ гэхээр “Би мөнгөтэй, бас сурч мэдсэн эрдэм номтой хүн. Гэхдээ надад энэ хоёрын аль нь ч хэрэг болохгүй байна. Мөнгө байгаад ч би эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байна. Эрдэм ном сураад цаашид хүн төрөлхтөнд тустай зүйл хийе гэсэн ч өөрийн тэр зорилгыг бүтээж чадахгүй байна. Яагаад гэвэл би эх оронгүй хүн. Эх оронгүй хүн бол юуг ч хийж чаддаггүй юм байна” гэж ярьж байсан. Ер нь Уйгарчуудтай уулзаад ярилцаж байхад маш их харамсалтай, эмгэнэлтэй хувь тавиланг туулж ирсэн ард түмэн байна.

 

-Цаашид Уйгар иргэдийн хувь тавилан хүндхэн харагдаж байх шиг, үндэстэн , тусгаар тогтносон улс хоёрын хооронд асар их ялгаа байна шүү.

 

-Ялгаа байлгүй яах вэ. Энэ улсууд чинь Шинжаанд он удаан жил амьдарсан байна. Хамгийн гол нь энэ нөхцөл байдлыг би хоёр талтай гэж бодож байгаа юм. Нэг талдаа их гүрний дээрэнгүй үзэл гэж байдаг байх. Нөгөө талдаа мусалман шашинтай  учир дэндүү өөрийгөө нөгөө хараат улсаасаа тусгаарлаад байдаг юм болов уу? энэ нь их гүрний хатуу дарангуйлалд ороод байдаг юм болов уу? гэж харж байна. Гэхдээ нарийн зүйлийг сайн хэлж мэдэхгүй байна. Манай улсыг 1946 онд Маршал Чойбалсан бид нарыг  Хятадад өгсөн гээд гомдолтой явдаг юм шиг байна лээ. Тухайн үед нээрээ л 35 сая Уйгараа авч үлдэх үү, 750-хан мянган Монголоо авч үлдэх үү? Монголын маань хойморт хэн байгаа билээ цөөхөн хэдэн Монголчууд байдаг. Уйгарчуудаа авч үлдлээ гэхэд шашин шүтлэг нь өөр учраас авч үлдээгүй юм болов уу, тэгээд ч цаанаас нь хоёр том гүрний хавчилт шахалт байсан л байх л гээд олон талаас нь бодож байна даа.

 

-Та уйгар иргэдийн тухай дэлгэцийн уран бүтээл хийх гэж байгаа юм байна. Ямар хэмжээний уран бүтээлээр аль цаг үеийг нь харуулах вэ?

 

- Хүмүүс энэ киноны тухай ташаа мэдээлэл авсан байсан. Киног маань 50 ангитай гэж. Тэгэхээр энэ уран бүтээл маань нэг л ангитай дэлгэцийн бүтээл болно. Зохиолын хувьд Уйгарын нэгдсэн хаант улс Монголд суурьшиж байсан түүхэн үеийг л харуулна. Дотроосоо урвалт гараад хаан нь ялагдаад гурван хан хүү нь уйгаруудаа гурван тийшээ хуваан авч явж хэрхэн тархан суурьшсан тэр түүхийн үнэт бодит байдлыг нь харуулахыг зорьж байна.

 

-Та энэ зохиолоо хэвлэж гаргах уу таны уншигчид хүлээж байж магадгүй юм.

 

-Ерөнхийдөө роман нь бичигдсэн байгаа. Кино бүтсэний дараа л романыг нь хэвлэх бодолтой байна.

 

-Тэгэхээр энэ роман таны хэд дэх уран бүтээл болж байна.

 

-Одоогийн байдлаар бол нилээн хожуу үеийн бүтээлүүдийн маань нэг болно. 2012 оноос 2014, 2015 онд бичигдэж байсан миний 30-аад романы нэг болж байгаа юм.

 

 

-“Алтан хэлхээ” роман нь дэлгэцийн уран бүтээл болох юм байна. Үүнээс гадна сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгавал.

 

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл энэ зуныг бараг мэдэлгүй шахам судалгааныхаа ажлаар явж өнгөрүүлжээ. Улсын баяр наадмаар хүртэл нутагтаа байж чадаагүй. Одоогоор “Сүүдэр уртсах цагаар” нэртэй нөхөрлөлийн тухай роман бичсэн байна. Гэхдээ яг номын баяраар хэвлээд гаргаж амжих үгүйд эргэлзэж байна. Учир нь нилээн том хэмжээний роман учир хэвлэлтэнд бага зэрэг удах магадлалтай. Энэ зохиолд дэлхийн хоёрдугаар дайны дараа чөлөөлөлтөөс үлдсэн хоёр Өвөрмонгол хүүхэд Монголд орж ирж байгаа, Монголын нэрийг өндөрт гаргасан эрдэмтэн болж байгаа, эргээд нутаг усандаа очиход нь хэн ч байхгүй, аав ээж нь өөд болсон, таних хүнгүй болсон байхад нэг найзтайгаа уулзаж байгаа гээд сэтгэл хөдөлгөсөн сайхан нөхөрлөлийн тухай бас хилийн наана цаана хоёр улсын харьцааг харуулсан роман байгаа юм.

 

-Танаас нэг зүйлийг тодруулж асуух гэсэн юм. Сүүлийн өдрүүдэд таныг 5 га газар зарсан гэх мэдээ гарсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Уйгарын “Хар балгас” буюу Архангай аймгийн Хотонт сумын нутагт 5 га газарт хөшөө дурсгал босгоод түүнийг Уйгар үндэстэн үзэж харж байг, түүхийг түүхээр нь авч үлдэх дурсгалт газар байгуулаад орхих л хүсэл зорилго байгаа юм. Түүнээс биш би тэгж 5 га газар худалдсан зүйл огт байхгүй гэдгийг хэлэх байна. Энэ бол уран бүтээлч хүний сэтгэлээс гарч хийж бүтээх бүтээн байгуулах гэсэн л зорилго байгаа юм.

 

-Энэ ажлууд нь хэдий хугацаанд хийгдэх вэ?

 

-Кино ч тэр, түүхийн дурсгалт газар байгуулах ажил ч тэр нийлээд хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх л төлөвлөгөөтэй байна. Уран бүтээлч хүний зүгээс түүхийн үнэн бодит байдлыг л харуулахыг зорьж байна. Би ганцаараа ч бичиж байгаа зүйл биш л дээ. Эрдэмтдийн баг байна. Долоо, найман жилийн судалгааны үр дүнгээ л үзэх гэж байна.  Цэргийн зөвлөх байна. Зураг авалтаа Монголдоо хийж  Хар балгас орчимд хийх төлөвлөгөөтэй байна. Тэнд бараг л нэг хот байгуулна гэсэн үг шүү дээ.

 

-Нээрэн та Уйгараас орогнол хүссэн юм уу. Тийм яриа сонсогдсон шүү

 

-Намайг Уйгараас орогнол хүссэн гэх мэдээлэл гарсан байсан л даа. Надад уйгарт орогнол хүсэх бодол ч байхгүй, тийм шаардлага ч байхгүй. Энэ бол ор тас худлаа мэдээлэл.

 

-Зарим түүхчид хэлдэг шүү дээ. Зохиолчид түүхэн зохиол бичихдээ их анхаарч судлахгүй бол түүхийг гуйвуулах уншигчдад ташаа мэдээлэл ойлголт өгөх эрсдэлтэй гэж. Таны хувьд түүхэн зохиол бичихэд ямар саад бэрхшээл тулгарч байна.

 

-Маш их бэрхшээл байна. Жишээлбэл 1000 жилийн өмнөх Уйгарчуудын амьдрал гэдэг хэн ч төсөөлөх аргагүй байгаа байх. Түрүүн хэлсэн хоёр эрдэмтний ярьснаар Ираны музейд 830 оны үеийн, тэрнээс ч өмнөх үеийн Уйгарчуудын хувцаслалтын зураг нь байдаг гэнэ. Тиймээс тэрийг олж харъя авъя гэх мэтчилэн хүндрэлтэй зүйл бий бий. Гэхдээ Монгол ахуйгаар төлөөлүүлж байгаа ч наймдугаар зуун, есдүгээр зууныг судлаж байгаа эрдэмтдээс зөвлөгөө авч байгаа. Одоо Уйгарын эрдэмтэд урилгаар ирж байгаа, тэд Турк Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээнд оролцох юм.

 

Ярилцсанд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин