Туркменистан гадаадын зах зээлд компьютер нийлүүлнэ 
2019-09-10

Энэ оны сүүл гэхэд Туркменистан улс өөрсдийн брэндийн компьютер гарган, улмаар Төв Азийн орнуудыг хангах төлөвлөгөөтэй байгаа талаар Туркмений ТДХ төрийн мэдээллийн агентлаг мэдээллээ. 


2018 оны 10 дугаар сард Туркмен Хятадын хоёр компанитай хамтран  компьютерийн техник үйлдвэрлэх “Агзыбирлик Тилсиматы” үйлдвэрийг байгуулжээ. 


Энэ онд үйлдвэр хүүхдүүдийн сургалтад зориулсан 80 мянган компьютер үйлдвэрлэснийг Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс нэгдүгээр ангийнханд бэлэглэсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, өнөөдөр энэ үйлдвэрт “зөөврийн компьютер, планшет, персональ компьютер, серверийн туршилтын загваруудыг үйлдвэрлэх ажил” явагдаж байгаа гэнэ. Улмаар энэ оны сүүл гэхэд өөрсдийн брэндийн персональ компьютер гаргахаар зэхжээ. 


Туршилтын журмаар эхний ээлжинд 3000 компьютер үйлдвэрлэх бөгөөд үйлдвэр жилд 500 мянган компьютер үйлдвэрлэх хүчин чадалтай учир Ерөнхийлөгчийн тавьсан импортыг орлох зорилтыг хэрэгжүүлэхийн дээр Туркмений брэндийг гадаад зах зээлд гаргах боломжтой болох гэнэ. 


“Агзыбирлик Тилсиматы” нь Төв Ази дахь компьютер техникийн цорын ганц үйлдвэр тул Туркмений брэндийн компьютеруудыг хөрш орнууд руу нийлүүлэх боломжтой” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин