CNN: Кремльд ажиллаж байсан тагнуулаа АНУ нууцаар хил нэвтрүүлсэн 
2019-09-10


2017 онд АНУ нууц ажиллагааны үеэр Оросын Засгийн газарт ажиллаж байсан “дээд түвшний тагнуул”-уудынхаа нэгийг Оросоос амжилттай шилжүүлсэн гэж Цагаан ордны захиргаанаас авсан эх сурвалжтайгаар Си Эн Эн суваг мэдээллээ. 


2017 оны тавдугаар сард Трамп Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон тухайн үед ОХУ-аас АНУ-д сууж байсан элчин сайд Сергей Кисляк нартай маш нууц мэдээллийг солилцон уулзсаны дараа тагнуулыг нүүлгэх шийдвэр гаргасан гэнэ. 


Трампын хүрээллийнхэн нууц материалуудтай ажиллахад мэргэжлийн чадвар нь итгэл төрүүлэхүйц биш байсан нь Оросоос тагнуулын чухал ажилтнаа шилжүүлэх шалтгаануудын нэг байсан гэж Си Эн Эн сувагт эх сурвалжууд өгүүлсэн байна. 


Тодруулбал, Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талтай нууц мэдээлэл нэг бус удаа хуваалцсаны дараа Америкийн тусгай албаны удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд тагнуулыг илчилнэ хэмээн эмээсэн аж. 


Тухайн үед Тагнуулын төв газрын захирлаар Майк Помпео ажиллаж байсан бөгөөд тэрбээр энэ мэдээлэлтэй холбоотой ямар нэг тайлбар өгөөгүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришам Си Эн Эн сувгийн энэ мэдээлэл нь “үнэнд нийцэхгүй, хүмүүсийн амь насыг аюулд учруулж болохуйц худал мэдээлэл” гэж мэдэгдсэн бол Тагнуулын төв газар мөн л мэдээллийг няцаажээ. 


Харин ОХУ-ын ГХЯ-ны өндөр албан тушаалтан дээрх мэдээллээр тайлбар хийхдээ “Маш үнэтэй нууц ажилтантай холбоотой хэсэгт тайлбар өгөхөд хүндрэлтэй. Тагнуулын төв газар өөрсдөө баталж, эсвэл няцаана биз. Харин Трамп, Лавров нар нууц мэдээлэл солилцон уулзсан гэдэг огт утгагүй, худал мэдээлэл” хэмээжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hen negegn:
oilgosongui
2019-09-10