Шүүх танхимаас: 50 саяын ХУЛГАЙ

Арванхоёр жил торны цаана сууж эрх чөлөөгөө хасуулсан идэр эр 2018 оны нэгдүгээр сард суллагджээ. Суллагдаад сарын дараагаас дахин гэмт хэрэг үйлдэж шүүхийн өмнө дуудагдаад “Сурсан ажлаа л хийсэн” хэмээн хариулж зогсоно.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хулгайн хэрэгт холбогдолтой гурван шүүгдэгчийн гэм бурууг тогтоох шүүх хуралдаан өчигдөр /2019.09.10/ боллоо.
Өдгөө 33 насыг зооглож буй ч томоожоогүй хэвээр, тогтож ядсан харцтай, зальжин байрын шавилхан эр гол буруутан. Тэр өмнө нь 2003, 2008, 2012, 2016 онд гэмт хэрэг үйлдэн дөрвөн ч удаа яг өнөөдрийнх шиг шүүхийн өмнө зогсож ял сонссон нэгэн. Тиймдээ ч шүүгчийн асуулт бүрт түгдэрч сандарсан шинжгүй “туршлагатай” хариулна. Бүр хэзээнээс бэлдээд хэлэх үгээ цаасан дээр буулгаад иржээ.
Энэ эр 2018 оны хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэлх хоёр сарын хугацаанд 26 удаа айлын гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь нууцаар авч бусдад 50 сая 596 мянган төгрөгийн хохирол учруулсан байна. Ингэхдээ нэг өдрийн дотор 11 айлын цоожыг эвдэлж, цонхыг нь хагалан нэвтэрсэн ч байх юм. Тэр Хэнтий, Дорнод, Дархан, Эрдэнэт, Баянхонгор гээд худалч хүнд 21 аймгийг бүтэн тойрч хэрэн хэсч хулгай хийжээ. Улаанбаатараас унаанд сууж орон нутгийг зорин очиж зочид буудалд байрлаад хоногийн дотор хэд хэдэн айл руу нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлаад эргээд унаа хөлслөөд хотыг зорьдог байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоныг улсын яллагч уншиж танилцуулав.
Арванхоёр жил шоронд сууж гарч ирээд ердөө сарын дараагаас тэр бараг өдөр, шөнөгүй хулгай хийжээ. Гэхдээ түүний царайнд гэмшил тодрохгүй юм.
Шүүх хурал эхлэхэд л “Би шүүх хуралд өөрийгөө өмгөөлж оролцоно” гэж итгэлтэй хэлсэн. Дараа нь “Би зүйл ангиа хүлээн зөвшөөрөөгүй учраас яллах дүгнэлтээ хүлээж аваагүй. Говь-Алтайн гурав, Завханы хоёр, Баянхонгорын хоёр хэргийг би хийгээгүй. Нийт 26 хэргээс есийг нь хийгээгүй. Би хулгайлж авсан юмаа баригдангуутаа буцаагаад өгчихсөн” хэмээн яллагчийн өмнөөс “өрвөлзөж” байна.
Энэ байдлаар хэрэг шийдвэрлэлтийг удаашруулсаар нэг жил таван сарын хугацаанд цагдан хоригджээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 17.1.3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн асуудлыг хэлэлцэв.
17.1 дүгээр зүйл.Хулгайлах
3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;
Шүүгдэгч этгээд “амьдралын эх үүсвэр болгосон” гэх заалтыг үгүйсгэх гэж нэлээд үзэж байна. “Би амьдралын эх үүсвэрээ болгоогүй”. Хулгай хийсэн эд хөрөнгөө борлуулаад мөнгөөр нь архи дарс ууж, зугаа цэнгэлд л зарцуулсан” гэх. Шүүгч “Архи авч байгаа тань таны хэрэглээ биш үү” гэхэд “Мөн л дөө. Би хүүхэд байхдаа л хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлсэн. Би 12 жил шоронгоро явсан. Гарч ирээд 2-3 сар болоод л буцаад ордог байсан. Одоо харин хүн болж төрснийх эхнэртэй болж, үр хүүхдээ үлдээмээр байна. Наранд дахиад жаахан амьдрах зорилгоор хэргийг удаашруулсан” гэх зэргээр өөрийгөө өмгөөлөгчөөсөө илүү өмгөөлж байна.
Тэр Дорнод аймагт очиж нэг өдрийн дотор 10 гаруй айл “ухжээ”. “Шоронд хамт байсан гал хам маань намайг “алтанд явъя, хүрээд ир” гэж дуудаад очтол манай хүн согтуу машин бариад эрүүлжүүлэгдээд 30 хоногийн баривчилгаанд явчихсан. Тэгээд мөнгөгүй, хүн танихгүй газарт чинь би сурсан ажлаа л хийсэн” гэж хээв нэг хариулах аж.
“Өчнөөн жил эрх чөлөөгөө хасуулчихаад хулгай хийхгүй бусдын адил ажил хөдөлмөр эрхлээд амьдарч болоогүй юм уу” хэмээн шүүгч учирлаж асуувал “Суллагдаж гарч ирээд би нийгэмд ажиллагаагүй биш ажилласан. Гэхдээ нөхөрлөлийн хүрээлэл буруу болохоор ажлаа орхиод хулгай хийсэн” гэж нэг бол архинд нөгөө бол бусдад бурууг чихэх гэж баахан хичээх юм.
Бас “Би хийгээгүй есөн хэргийг хүлээсэн. Байцаагчид “Чи тэртээ тэргүй олон үйлдэлтэй хэрэгтэй. Би чамайг хүүхэндүүлье, архидуулъя хэрэг хүлээчих гэдэг” гэж ч үзэж байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 10 жилийн хорих ял оноож хаалттай хорих ангид ялийг эдлүүлэх шийдвэр гаргав. Мөн хууль бусаар айлд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлан авч явж бусдад учруулсан 32 сая төгрөгийн хохирлыг төлж барагдуулахыг даалгав. Эдэлсэн 12 жилийн хугацаа ирээдүйд эдлэх 10 жилтэй нийлээд амьдралынхаа 22 жилийг нарсанд өнгөрөөх болсон ч гутарсан шинжгүй "Зүгээрээ, би өөрөө давж заалдана" хэмээн өмгөөлөгчдөө хандан хэлж байх юм.
Тэр арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын отгон хүү. Ижий нь амьд сэрүүн аж төрж суугаа гэнэ. Айлд нэг болохгүй хүн байдаг гэдэг. Ижийгээ амьдын хагацалд унагасан энэ эр магадгүй эдний “болдоггүй” ганц нь байж болох.
Хулгай хар мөртэй гэдэг. Түүний балгаар хоёр ой ч хүрээгүй бяцхан үртэй 27-той залуу, бага ангийн хоёр хүүхэдтэй өрх толгойлсон 45-тай бүсгүй “буруутан” болж ял сонслоо...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ