Германаас цэнгээний газарт DJ хийхээр ирсэн залуус мансуурсан байжээ
2019-09-11

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ сарын 6-ны өдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоёр шөнийн цэнгээний газарт ээлжит хяналт, шалгалтыг зохион явуулсан. Шалгалтаар нийт 87 иргэнд мансууруулах бодис илрүүлдэг тест тавьж шалгахад 24 иргэн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон тухай өмнө нь мэдээлсэн.

 

Мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай саатуулагдсан иргэд 21-41 насны хүмүүс байсан бөгөөд тэдний дунд 1 эмэгтэй, ХБНГУ-ын 2 иргэн байсан аж.

 

Саатуулагдсан ХБНГУ-ын хоёр иргэн нь цэнгээний газарт DJ хийхээр ирсэн байжээ.

 

Мөн цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 30-ны өдөр "30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч, эмэгтэй 27 настай О нар нас барсан байжээ.

 

Хэргийн газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хэрэглүүрүүд болон тухайн бодисыг боловсруулахад ашигладаг эд зүйлс хураагдсан бөгөөд урьдчилсан байдлаар талийгаач О, Ч нар нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. 

 

Талийгаач эрэгтэй өмнө нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс зургаан сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан аж. 

 

Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг дайчлан баривчлахад хар тамхи хэрэглэсэн, хадгалсан байдалтай саатуулагджээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин