Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө халжээ  
2019-09-11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг халсан талаар мэдэгдлээ. 


Тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн орой Болтонд мэдэгдсэн талаар Твиитер хуудсандаа бичсэн байна. 

 

“Би түүний тавьсан олон саналтай огт санал нийлэхгүй байсан. Захиргааны бусад ажилтнууд ч тэр. Тиймээс би Жоныг халагдахыг хүссэн, өнөө өглөө тэр ажлаасаа халагдлаа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 


Түүнчлэн, Болтонд хамтдаа ажилласанд нь талархал илэрхийлээд, ирэх долоо хоногт шинэ зөвлөхийн нэрийг зарлана хэмээсэн байна. 


Харин Болтон өөрөө халагдах санал гаргасан гэж мэдэгджээ. 


“Би өчигдөр орой халагдах хүсэлт гаргасан. Харин Ерөнхийлөгч Трамп маргааш өглөө энэ талаар ярилцая гэсэн” хэмээн Болтон Твиттер хуудсандаа бичсэн байна.

Болтон ийнхүү гэнэт халагдах болсон талаар Америкийн хэвлэлүүд төрөл бүрээр бичиж байгаа юм. 


Ерөнхийлөгч болон түүний зөвлөх гадаад бодлогын олон асуудлаар зөрүүтэй байр суурьтай гэж өмнө нь Америкийн хэвлэлүүд мэдээлж байлаа. Тэр дундаа БНАСАУ, Иран, Афганистаны асуудлаар Ерөнхийлөгч, зөвлөх хоёр санал нийлдэггүй байжээ. 


Хамгийн сүүлийн үеийн жишээ нь Болтон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсийн хамтаар “Талибан” болон Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани нарын хооронд хэлэлцээр явуулах Трампын байр суурийг эсэргүүцсэн юм. 


Түүнчлэн Болтон Ираны тал дээр илүү шийдэмгий, хатуу арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэг хүн. Тэрбээр энэ улсын эрх баригчдыг огцрохыг ил тод хэдэнтээ уриалж байлаа. 


Жон Болтон гэж хэн бэ? 


Болтон Рональд Рейган болон том Жорж Бушийн үед Төрийн департамент, Хуульзүйн яаманд ажилладаг байсан. Харин бага Жорж Бушийн үед Төрийн нарийн бичгийн даргын орлогч болжээ. 

Тэрбээр 2003 онд АНУ Ирак руу халдан орохыг дэмжиж байсан гол хүмүүсийн нэг байв. Багдадад үй олноор хөнөөх зэвсэг байгаа тухай тагнуулын мэдээлэл худал болж таарсан бөгөөд Ирак дахь тогтворгүй байдал өнөө хэр нь үргэлжилсээр байгаа юм. 


2005-2006 онуудад Болтон НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байв. Энэ албан тушаалаас халагдсаныхаа дараа консерватив эксперт болон тоймчийн ажилдаа эргэн орсон бол 2018 оны гуравдугаар сард Трамп Болтоныг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалд томилж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин