Туркменистан  хамгийн хатуу цензуртай гурван орны нэгээр нэрлэгджээ 
2019-09-11

Туркменистан хамгийн хатуу цензуртай 10 орны гуравдугаарт жагссан талаар “Сэтгүүлчдийг хамгаалах хороо”-ы шинэ илтгэлд дурджээ. 


Жагсаалтын эхний хоёр байранд Эритрей болон Хойд Солонгос багтсан байна. Харин Туркмений араас Саудын Араб, Хятад, Вьетнам, Иран, Экваторын Гвиней, Беларусь, Куб улс орсон байна. Энэ жагсаалтыг эрх баригчид сэтгүүлчдийг хорихоос эхлээд хяналт тавих шахалт дарамттай хууль хэрэгждэг мөн интернет, олон нийтийн сүлжээний хүртээмжтэй байдлыг хязгаарладаг зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан гаргажээ. 


Илтгэлд өгүүлснээр, дээрх 10 орон хараат бус хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хориглодог эсвэл хязгаарладаг, хорих ял, байнгын хяналт, бусад дарамт шахалтын аргаар сэтгүүлчдийг дпуугүй болгодог гэнэ. 


Жагсаалтын дээр бичигдсэн Эритрей, Хойд Солонгос, Туркменистанд хэвлэл мэдээллийг эрх баригчдын үзэл суртлыг дамжуулах хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд харин гадаадын сэтгүүлчид байнгын хяналтан дор байдаг аж. 


“Бердымухамедов хэвлэл мэдээлэл зэрэг бүхий л салбарт үнэмлэхүй хяналт тогтоон, өөрийгөө тахин шүтүүлэхийн тулд хэвлэлийг ашигладаг. Туркмений эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийнхнийг дарамталж, сэтгүүлчдийг баривчлан хорьдог. Бүхий л хэвлэл мэдээлэл засгийн газрын мэдэлд эсвэл хатуу хяналтан дор үйл ажиллагаагаа явуулдаг байна. “Хроника Туркменистана” зэрэг хараат бус зарим хэвлэлүүд байнгын хавчлагад байдаг бөгөгөд сайт руу нэвтрэхийг оролдсон хүмүүсийг эрх баригчид байцаадаг. “Азатлык” радиогийн сурвалжлагчид нууц нэрээр ажилладаг бол зарим нь шоронд хоригдсон, тэднийг улс орноо орхин гарахыг хоригложээ ” хэмээн илтгэлд өгүүлсэн байна. 

 

Энд дуулгахад, Туркмений нийт хүн амын ердөө 21 хувь нь интернетэд нэвтрэх боломжтой бөгөөд эрх баригчид хараат бус хэвлэл мэдээллийг хааж, VPN ашиглахыг хориглодог аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ардчилал монголд хэрэггүй бсан юм гэдэг хүмүүст их хэрэгтэй улс шүү, түркменд та нарыг их найрсгаар хүлээж авах болно- шоронд
2019-09-11