“Музейн хөгжил-2019” арга хэмжээ эхэллээ
8 өдөр

Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт буюу “Музейн хөгжил-2019” арга хэмжээ Улаанбаатар хотноо эхэллээ.

 

 

Чуулга уулзалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд Г.Ганбаяр нээж, “БСШУСЯ-наас музейн эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажилд гол анхаарлаа хандуулан Музейн тухай хуулийн төслийг боловсруулж, үзэл баримтлалыг нь батлуулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Энэ хууль музейн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх, музейн хөгжлийг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Түүнчлэн музейн барилга байгууламжийг шинэчлэх чиглэлээр зарим томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Хэдийгээр музейг хөгжүүлэх чиглэлээр төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого зохицуулалтын арга хэмжээнүүд багагүй байгаа ч музейн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг нэг мөр шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Эдгээр бэрхшээлийг даван туулахад та бүхний оролцоо хамгаас чухал. Ялангуяа музейн бодлого төлөвлөлтийг зөв оновчтой боловсруулах, хэрэгжилтийг шуурхай, чанартай үр ашигтай зохион байгуулахад музейн ажилтнуудын мэргэжлийн хийгээд ёс зүйтэй оролцоо хэрэгтэй байна” гэдгийг цохон тэмдэглээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

Энэ жил чуулганы үйл ажиллагаанд улс, орон нутгийн музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах тэнхимийн ажилтнууд, салбарын, хувийн хэвшлийн музей, галерей, хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, төвүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцож байна.

 

Жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн тус чуулга уулзалт гурав хоногийн турш үргэлжилнэ. Энэ хүрээнд форум, хэлэлцүүлгээс гадна “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сэдэвт сургалт, “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн, “Музейн бүтээлч үйл ажиллагаа” үзэсгэлэн, Спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулагдах юм.

 

Эх сурвалж: БСШУСЯ

Shuud.mn
Сонин хачин