Жек Ма: Хүн амзүйн сүйрэл хүн төрөлхтний гол АЮУЛ болно
6 өдөр

 
Хиймэл оюун ухааны дэлхийн бага хурлын үеэр Илон Маск, Жек Ма нар манай гаригийг ямар ирээдүй хүлээж байгаа талаар хэлэлцжээ. 


Тэдний өгүүлснээр ойрын 20 жилд дэлхий дахинаа хүн амзүйн сүйрэл болох гэнэ. Тесла компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгдэхдээ, төрөлт багасч байгаад санаа зовниж байгаа, харин манай гариг дээрх хүн амын тоо хэт их байгаа гэсэн үзэл бодлыг хэт хуучирсан гэж үздгээ илэрхийлсэн байна. 


Хүн амзүйн хямрал дэлхий дахины асуудал болно 


“Хүн төрөлхтөн ойрын 20 жилд тулгарах хамгийн том асуудал нь хүн амзүйн сүйрэл. Хүн амзүйн тэсрэлт биш гагцхүү сүйрэл гэдгийг цохон тэмдэглэе ” хэмээн Маск мэдэгджээ. 


Түүнтэй санал нэг байгаагаа Алибаба-ийн захирал Жек Ма илэрхийлээд, манай гаригийн хүн ам эрчимтэй буурна хэмээн мэдэгдсэн байна. 


“Хятадад 1,4 тэрбум хүн амтай гэдэг нь их тоо шиг санагдаж магадгүй,гэхдээ ойрын жилүүдэд Хятад ноцтой асуудалтай тулгаран, хүн амын бууралтын хэмнэл түргэснэ” хэмээн Жек Ма өгүүлжээ. 


Хүн амзүйн энэхүү асуудлыг шилжилт, цагаачлалаар шийдэж болно гэж Илон Маск  үзэж байгаа гэнэ. Ингэснээр төрөлт нэмэгдэнэ, хүмүүс зөвхөн Дэлхий дээр биш Ангараг гаригт ч хэрэгтэй хэмээн Маск өгүүлжээ. 


Гагцхүү хүн амын хэт өсөлт, дэлхий дээрх хүмүүсийн тоо манай гаригт сөргөөр нөлөөлнө гэсэн олон тооны судалгаа байдаг ч эсрэгээрээ, хүн ам цөөн байх нь ноцтой асуудалд тооцогдох талаар өмнө нь тэр бүр яригдаж байсангүй. 


Ийм байр суурьтай байгаагаа нийтэд  илэрхийлж байсан цөөн хүмүүсийн нэг нь  социологч-судлаач Даррел Брикер болон сэтгүүлч Жон Иббитсон нар юм. Тэд “Хоосон гариг: дэлхий даяар хүн амын тоо эрс буурч байна” нэртэй номондоо дэлхийн хүн ам хэт ихсэх аюул огт байхгүй гэж үзжээ. 


НҮБ-ын мэдээлснээр 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрэх таамаглалтай ч дэлхийн олон орны хүн амзүйчид үүнтэй огт санал нийлдэггүй байна. Харин ч XXI зууны дунд үе хүртэл хүн амын өсөлт оргилдоо хүрч, түүнээс цааш буурна гэдэг дээр тэд санал нэгддэг. 


Зарим орнуудад одоо ч хүн амын тоо буурч байгаа бөгөөд  хөгжингүй орнуудад төдийгүй төрөлт өндөр байдаг орнуудад ч 2050 он гэхэд төрөлт буурна гэж номын зохиогчид үзжээ. 


2020 онд төрсөн хүүхэд 30 нас хүрэхдээ хүн амын ихэнх нь өндөр настай хүмүүс болох нийгэмд амьдарна. Ийм нөхцөлд ажлын байрны асуудал тулгарахгүй ч ахмад настнуудын эрүүл мэнд, тэтгэвэрт зориулах өндөр татвар цалингийн ихэнх хэсгийг “залгина” гэж номын зохиогчид бичжээ. 


Ийнхүү төрөлт буурч, хүн ам хөгширснөөс үүдэн нийгмийн бүхий л асуудлуудыг цөөн тооны залуус нуруун дээрээ үүрэх тул эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай дэлхий дахин тулах нь гарцаагүй юм. 


Харин экологийн үүднээс хүн амын бууралт дэлхий дахинд сайнаар нөлөөлнө гэж номын зохиогчид үзсэн байна. Хүлэмжийн хий агаар мандлыг бохирдуулахгүй, гол мөрөн одооных шиг бохирдолтой байхгүй гэнэ. 
Гэхдээ хотжилт хүрээлэн буй орчинд хүмүүсийн боддог шиг тийм ч муу биш гэж зохиогчид үзсэн байна. Хотжилтыг дагаад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, дэд бүтцийн хөгжил тааруу, ядуурал, гэмт хэрэг газар авдаг зэрэг дутагдалтай тал олон бий ч хотуудад хүн амын нягтаршил их байх тусам нийтийн тээвэр, ус, цахилгаан эрчим хүч, усан хангамжийг илүү хямд үнээр нийтэд хүртээж, улмаар энэ хэмжээгээр хүрээлэн буй орчныг бага бохирдуулдаг гэдгийг номын зохиогчид онцолжээ. 

Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул учруулахгүй


Илон Маск, Жек Ма нарын яриаг үргэлжлүүлье. Тэд хүн амзүйгээс гадна өөр олон асуудал хэлэлцсний нэг нь мэдээж хурлын сэдвийн хүрээний зайлшгүй асуудал болох “Хиймэл оюун ухааны” тухай юм. 
Одоо хүмүүс хиймэл оюун ухааны боломжийг дутуу үнэлж байгаа гэж Маск үзэж байгаагаа илэрхийллээ. 


“Хиймэл оюун ухаан бол хамгийн ухаантай хүнээс ч илүү их ухаантай. Хиймэл оюун ухаан судлаачдын гаргаж буй хамгийн том алдаа нь тэд өөрсдийгөө ухаантай гэж бодож байгаа явдал юм” гэж Маск өгүүлээд хиймэл оюун ухаанаас болгоомжлоход илүүдэхгүй гэсэн санаагаа илэрхийлсэн юм.  


Харин энэ тал дээр Жек Ма эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв. 


“Өнөөдөр бид олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа ч маргааш гэхэд шийдэл нь олдоно. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул заналхийлнэ эсвэл энэ оюун ухаан аймшигтай гэж би бодохгүй байна. Хүн үүнийг ойлгох хэмжээний ухамсартай” хэмээн Жек Ма өгүүлжээ. 


Ирээдүйн боловсролын тухай


Өнөөгийн боловсролын системийг шинэчлэх шаардлагатай гэж Жек Ма өгүүлжээ. 


Жек Ма: “Бидний үр хүүхдээ сургаж байгаа боловсролын бүхий л систем аж үйлдвэржилтийн үеэр тооцоологдсон. Машинууд хүмүүсээс ухаантай болно гэдэгт би итгэдэг, гэхдээ хүмүүс илүү ухамсартай байх ёстой. Үүний тулд бид боловсролоо өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь бид ямар нэг зүйлийг тогтоож, цээжлэхэд л гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо компьютер бүхнийг санаж, цээжилж, илүү хурдтай тооцоолж чадна. Ийм нөхцөлд хүмүүс илүү бүтээлч байх шаардлагатай” 


Харин Илон Маск ирээдүйг урьдчилан хэлэх эсвэл ирээдүйг бүтээхэд туслах мэдлэгийг боловсролын явцад олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 


“Өнөөдөр бидний судалж байгаа зүйлс ирээдүйг алдаа багатай хэлж өгч чадах уу гэдгийг сайтар үнэлж цэгнэх ёстой. Бид бүгд л алддаг. Ирээдүйн талаарх таны таамаглалд байх алдааг та багасгаж чадах уу гэдэгт л асуудал байгаа юм ” хэмээн Маск өгүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин
Boli:
Ene bid 2 odoo hun am zui medlee iy. Amazon iin hytad huulbar hiij joohon mongtoi bolsniigoo iy gej bodood bdgiin boldoo hoirhii.
2019-09-12
хэтэрхий их хүн хогоор дэлхий дүүрчээ
2019-09-12