УИХ-ын чуулган хугацаа сунган хуралдаж байна
2019-09-12

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар  ажлын цаг дууссан хэдий ч хэлэлцэх асуудлаа дуусгавар болгох үүднээс цаг сунган хуралдахаа анхаарууллаа. Нийслэлээс сонгогдсон гишүүд орон сууцжуулах асуудалд нухацтай хандаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүрэгт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх саналыг хэлж байсан бол гишүүн М.Оюунчимэг "Би Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүн. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны орчмын хэсэг дэд бүтэц тавигдан, магистрал шугам тавигдсан. Тиймээс энэ хөтөлбөр хэрэгжих үү" хэмээн асуув. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

-Энэ төслийг Баянхошуу, Сэлбэ дэд төвд хэрэгжүүлж байна. Үргэлжлүүлээд Дарь-Эх, Цайз дэд төвд хэрэгжүүлэх судалгаа хийж байгаа. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 280 айлыг дэд бүтцэд холбох ажил явагдаж байна. Зарим гүйцэтгэх ажил удаан явагдаж байгаа нь үнэн хэмээн хариулав.  

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин